Зөвшөөрөлгүй ажиллаж буй сүм хийдийн үйл ажиллагааг зогсооно

Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/93 тоот захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдан аймгийн нутаг дэвсгэр дэх сүм хийдийн үйл ажиллагааг шалган танилцаж, бүртгэл судалгааг шинэчлэх ажлыг 04-р сарын 08-10-ны өдрүүдэд зохион явууллаа. Эл ажлын хэсгийн ахлагч аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд ажлын хэсгийн ажилласан дүн мэдээг танилцууллаа. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Буддын шашны 12, Христийн шашны 35, Исламын нэг нийт 48 сүм хийд ажилладаг байна. Үүнээс Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хууль болон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 148 дугаар тогтоолоор баталсан “Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулж үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан 37 сүм, хийд байгаа юм. Эдгээрээс зөвшөөрлийн хугацаагаа сунгуулаагүй ажиллаж буй 16 шашны байгууллага байгаа бол огт зөвшөөрөл авалгүй шашны үйл ажиллагаа эрхлэж байгаа 12 сүм, хийд байжээ. Үүнд: Алтанбулаг суманд Христийн шашны Сэргэн Мандал, Итгэл сүм, Зүүнбүрэн суманд Шинэ амь Христийн сүм, Мандал сумын Түнхэл тосгонд Итгэлийн үг Христийн сүм, Сүхбаатар суманд буддын шашны Дарь Эх хийд, Цагааннуур суманд Нинж долви буддын хийд, Хүдэр суманд Баярын мэдээ цуглаан /Христ/, Түшиг суманд Христийн шашны Түшиг сүм, Шаамар суманд Христийн шашны Өөрчлөлт монгол төв, Христийн гэрэл, Эзний хайр сүмүүд байна. Зөвшөөрөлгүй ажиллаж байгаа эдгээр сүм хийдийн үйл ажиллагааг зогсоох, холбогдох хууль, журмын дагуу зөвшөөрөлтэй ч улсын бүртгэлд хуулийн этгээдээр бүртгүүлээгүй шашны байгууллагад зөрчлөө арилгах шаардлага хүргүүлэх зэргээр ажиллахыг аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга нарт даалгасан юм.