Аймгийн Засаг дарга Алтанбулаг дахь хилийн боомтод ажиллалаа

 

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Алтанбулаг дахь хилийн боомтын  үйл ажиллагаа болон хилээр зорчигчдын урсгал ихсэж байгаатай холбоотойгоор үүсч болох хүндрэл, очерын дарааллын асуудлыг хөнгөн шуурхай шийдвэрлэх гарц юу байгаа талаар уулзаж ярилцахаар Алтанбулаг дахь авто замын хилийн ШНБоомт дээр ажиллалаа. Аймгийн даргын уулзалтанд Хилийн 0101-р ангийн захирагч хурандаа С.Энхсүх, Алтанбулаг дахь Гаалийн салбарын дарга Д.Батбаатар, ИХШХГ-ын Сүхбаатар дахь газрын дарга Р.Одмөнх, Автотээврийн төвийн дарга Ч.Жамбалнямбуу, тус төвийн менежер Ц.Ариунаа, Алтанбулаг дахь АЗШНБ-ын дарга Ч.Мөнхзолбоо, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга С.Отгонжаргал, Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Д.Ганболд, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй, сумын Засаг даргын орлогч  болон аймгийн Хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
 
Өнөөдрийн байдлаар хил дээр Монгол түмний уламжлалт “Цагаан сар”-ын баяр дөхөж буйтай холбоотойгоор хил нэвтрэх хүмүүсийн дараалал ихсэх хандлагатай болсон аж. Гэхдээ оргил ачааллын цаг арай болоогүй байна хэмээн хилийн албаныхан хэлж байлаа. Өнгөрсөн жилийн хувьд иргэд олон хоногоор дараалалд зогсох, хүндрэл чирэгдэл нэлээд гарсан учраас энэ жил энэ асуудлыг давтахгүйгээр, урьдчилан сэргийлэх үүднээс эртнээс гарцаа хайн олж, аль болох иргэдийг удаан хүлээлгэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн дарга энэхүү уулзалтыг  зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр дээрх мэргэжлийн албадын дарга нар өөр өөрсдийн ажил үйлчилгээгээ товч мэдээлсэн. Мэдээллийг сонссоны дараа аймгийн Автотээврийн төвөөс хил дээр дугаарлаж буй машинуудад номер тараадаг асуудлыг аймгийн дарга зогсоохыг санал болголоо. Учир нь дарааллыг хөнгөлөх бус, будлиан үүсэх нөхцөл үүсч болзошгүй учраас энэ үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгосон. Мөн хилээр зорчигч иргэдийг Хилийн мэргэжлийн хяналтын газар дээр давхар бүртгэж, Боомт, болон Гаалийн газраас явуулж байгаа үйл ажиллагааг давтан цаг алдах, хугацаа сунжрах байдал үүсгээд байна хэмээн ИХШХГ-ын Сүхбаатар дахь газрын дарга Р.Одмөнх хэлээд, цаашид анхаарч өгөхийг санал болгосон. Мөн хилээр зорчиж байгаа тээврийн хэрэгслэлийг хоёр эгнээ болгож, Сэлэнгийн машин, гадны машин гэсэн ангиллаар дараалалд оруулан Сэлэнгийн машинаас нэг ээлжинд 2, гадны машинаас нэг ээлжинд 6 машин авч байх талаар тэд ярилцсан. Энэ асуудлаар иргэд ч санал тавьж байсан. Эл асуудлыг аль болох хурдан, шуурхай, иргэдэд хүндрэлгүй хоёр хаалгаа ашиглан, зөв зохион байгуулахыг хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа албаныханд аймгийн дарга хэллээ. Хамгийн гол хүндрэл гэвэл өнөөдөр гадны буюу УБ дугаартай машинууд удаан хугацаагаар дараалал хүлээн зогсох, Сэлэнгийн машинууд зохиомол дараалал үүсгэж, нэг очерыг 1000 рублиэр зардаг тухай зорчигч иргэдээс аймгийн даргад гомдол мэдүүлсэн. Энэ бүгдийг газар дээр нь шийдвэрлэх асуудлыг Хил, Гааль, автотээврийнхэн хамтдаа сууж байгаад ямар нэгэн шийдвэр гарга хэмээн аймгийн дарга даалгасан. Ямартаа ч хил дээрх бодит нөхцөл байдал ямар байгааг өөрийн биеэр очиж, харж, иргэдтэй нүүр тулан уулзаж, санал бодлыг нь сонссон аймгийн дарга хил дээр иргэдийг бухимдуулсан очер үүсэх, иргэдийг чирэгдүүлэх асуудал байхгүй байхыг холбогдох албадын дарга нарт үүрэг болголоо.