Хамтын хэлэлцээрийг үзэглэлээ

Хамтын хэлэлцээрийг үзэглэлээ

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрийг аймгийн Засаг дарга түүний Тамгын газар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо хамтран аймгийн хэмжээнд мөрдөх хүн ам, нийгмийн хамгаалал болон хөдөлмөрийн харилцааны зарим асуудлыг иргэд, хөдөлмөрчдийн эрх ашигт нийцүүлэх зорилгоор үндсэн зарчмуудыг тохиролцож байгууллаа. Хамтын хэлэлцээрийг аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ж.Саранцэцэг, Ажил олгогч эздийн холбооны тэргүүн Н.Энэбиш нар үзэглэв. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны хамтын хэлэлцээрийг “Зохист хөдөлмөр эрхлэлтийг ажлын байранд нэвтрүүлье” уриан дор 6 бүлэг 65 зүйлтэйгээр баталгаажуулж 91 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлжээ. 2017-2018 оны хамтын хэлэлцээрийг “Хамтын хүчээр эх нутгаа хөгжүүлье” уриан дор 6 бүлэг 40 заалттайгаар баталлаа. Энэ удаагийн хэлэлцээрт хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг хангаж үйлдвэржилтийг дэмжих бодлого, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, хүрээлэн буй орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний хөгжлийн асуудлуудыг талууд хэлэлцэн тусгажээ. Тус хэлэлцээрийн ач холбогдол нь аймгийн иргэд хөдөлмөрчдийн ая тухтай, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгоход оршиж байна.