Мэндчилгээ

Айл гэрийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй-хүүхэд багачууд Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлж, сурч мэдэх, сайн хүмүүн болох аяны тань харгуйг сүү өргөн мялаая!

     Жил бүрийн зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, хүүхдийн баярыг дэлхий нийтээрээ ёслол төгөлдөр тэмдэглэдэг билээ.

     Аз жаргалтай гэр бүлээс аз жаргалтай нийгэм бий болдог. Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж, амьдралын туршид амгалан тайван байж чадах хамгийн ойр чухал дотны хүмүүсээс тогтсон хэлхээ холбоо гэж би ойлгодог.

     Монголын үр хүүхдүүд халуун дотно гэр бүлд өсч торнин, Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахад гэр бүлийн үүрэг нэн чухал. Өрх бүрийн амьдрал дээшилж, хүүхэд бүр эрүүл энх өсөж, зөв хүмүүжин, сайн боловсролтой болох нь гэр бүл , хүүхэд багачуудын эрхэм дээд эрмэлзэл, эгнэшгүй хүсэл мөрөөдөл нь байх учиртай.

     Аймгийн Засаг дарга, түүний удирдлагын баг хүүхэд, гэр бүлийн амьдралын сайн сайхны төлөө, хаана бидний тусламж хэрэгтэй байна, тэнд л хүрч ажиллахыг гол зорилгоо болгож байна.

    Сэлэнгэ сайхан нутгийн маань үр сад тив дэлхийд, улс, аймагтаа өөрийн оюун ухаан, авъяас чадвар, хөдөлмөр бүтээлээрээ гайхагдсан, хариуцлагатай иргэд болон төлөвшинө гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байна.

    Аймгийнхаа өнцөг булан бүрт суугаа мянга мянган хүүхэд багачууддаа үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА   Ш.ОРГИЛ