Аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын 2 өрхийг өргөө цагаан гэртэй болголоо

Аймгийн Засаг дарга Сүхбаатар сумын 2 өрхийг өргөө цагаан гэртэй болголоо
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумын хоёр өрхийг шалтай, 5 ханатай өргөө цагаан гэртэй болголоо. Засаг дарга нөөцөөсөө хөрөнгийг нь шийдвэрлэсэн тус гэрийн эзэдтэй аймгийн дарга санамсаргүй байдлаар тааралдаж, тусалж дэмжихээр амласнаа ийнхүү хэрэгжүүллээ. Сүхбаатар сумын 1-р багийн иргэн Батсүрэнтэй эмнэлэгт хэвтэж байхдаа таарч туслахаар болсон бол Сүхбаатар сумын 3-р багт оршин суух Б.Отгончимэгтэй нийтийн хог цэвэрлэгээний үеэр бага насны хүүхдүүдийн хамт Салхитын амын арын хогийн цэгийн ойролцоо аргал, мод түүж явахад нь таарч ар гэр, ахуй амьдралыг нь судалж үзснээр ийнхүү дэмжлэг үзүүлж байна. Аймгийн Засаг дарга “Миний хувьд Засаг даргын нөөцийн хөрөнгийг хэрэгтэй хүмүүст нь гар татахгүйгээр өгөх болно. Бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд орох оронгүй, хог дээрээс эсэн бусын зүйл түүж амьдрах ёсгүй” хэмээн хэлсэн юм. Будаг нь ханхалсан шинэ гэрийг хүлээлгэн өгөхөд Сүхбаатар сумын 1-р багийн ИТХ-ын төлөөлөгч Б.Амгалан, Б.Баяртогтох нар байлцлаа. Аймгийн ЗДТГ-ын хамт олон Салхитын 3-р багт оршин суух эгч дүүс Б.Ууганчимэг, Ундармаа, Отгончимэг нарын гэр бүлд өөрт байгаа “ИЛҮҮ ЗҮЙЛЭЭ” хандивлах аяныг байгууллага дотроо зохион байгуулж эд зүйлсийг цуглуулаад байгаа. Б.Ууганчимэгийн гэр бүлд 10 сартайгаас 7-р анги хүртэлх 8 хүүхэд, 1 оюутан, нийт 13 хүн амьдарч байгаа юм. Мөн Б.Ууганчимэгийн 2 ихэр охины 1 нь хөгжлийн бэрхшээлтэй, төрөлхийн хөлний гажигтай, Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой. Юутай ч аймгийн Засаг даргын санамсаргүй байдлаар таарч дэмжлэг үзүүлж байгаа хүмүүс үнэхээр нүдээ олсон сонголт байлаа.