Ш.ОРГИЛ: ОТОР НҮҮДЛИЙГ ХОРИГЛОЖ БАЙГАА, ТЭР ТУСМАА ГАДНААС ОРЖ ИРЭХ МАЛЫН УРСГАЛЫГ

Аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдааны үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргилоос товч ярилцлага авлаа.

-Өнөөдрийн хуралдаан цаг үеэ олсон маш үр дүнтэй хурал боллоо. Таны зүгээс сумдын дарга нарт нэлээд хариуцлагатай, шахуу үүрэг даалгавруудыг олон чиглэлд өглөө. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Өнөөдөр бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг аймгаас хангуулах чиглэлээр өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Хурлыг аймгийн ЗДТГ-аас амжилттай, үр дүнтэй зохион байгууллаа. Манай аймаг гантай, ургац алдах магадлалтай аймгийн тоонд зүй ёсоор орсон байгаа. Энэ дээр үндэслэн бидний зүгээс сум орон нутгийнхаа гантай буюу гандуу байсан сумдуудыг өвс, хадлан тэжээлээ хэрхэн хоорондоо хуваарилах, нөгөө талаас сургууль, цэцэрлэг орох болж байна. Иймээс сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, албан байгууллага, айл өрхүүдийн халаалт, засварын ажлыг яаравчлах, түргэлүүлэх. Мөн эрүүл мэндийн салбарт машин техник, тоног төхөөөрөмжийг хурдан шийдвэрлэж, ард иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, чиглэлүүдийг өглөө. Энэ маань Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаас гарсан чиглэлийн дагуу аймаг, орон нутагтаа зохион байгуулж байгаа чухал ажлуудын нэг. Энэ үйл ажиллагаанд 17 сумын засаг дарга нар, хэлтэс аггентлагийн бүх дарга нар оролцлоо. Нэг өдөрт товчхон бөгөөд асуудлуудаа тодорхой хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангуулах тал дээр бүгд нэг байр суурьтай оролцож, үр дүнтэй хурлаа өндөрлүүллээ.

-Малын отор нүүдлийн талаар та нэлээд хатуухан үүрэг чиглэлүүдийг өгч байхыг сонслоо. Энэ талаар баримтлаж буй байр сууриа илэрхийлээч?
-Ер нь Сэлэнгэ аймгийн зүгээс баримталж байгаа бодлого бол отор нүүдлийг хориглож байгаа. Тэр тусмаа гаднаас орж ирэх малын урсгалыг. Мөн дотооддоо ч адил отор нүүдлийг аль болох хязгаарлаж, хадлан тэжээлийг аль болох ихээхэн бэлтгэж аваад сум орон нутагтаа өвөлжүүлэх гэсэн байр суурьтай ажиллаж байна. Яагаад гэвэл Сэлэнгэ аймгийн хэмжээнд голомттой газраас орж ирсэн малаас шалтгаалан хоёр ч суманд малын өвчин гарсан. Бид цаг тухайд нь илрүүлж, маш сайн халдваргүйжүүлэлт хийж, таслан зогсоосон. Үүнийг бид гадных гэж ялгаж байгаа юм бишээ. Тэр болзошгүй малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймагтаа өвчин гаргахгүйн төлөө хийж байгаа бодлого шийдвэр. Түүнээс биш бусад аймгийн отор нүүдэл хийж байгаа малчдаа ялган гадуурхаж байгаа юм биш шүү. Малчид маань зөв ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь малын халдварт өвчин гарахаас л урьдчилан сэргийлж байх ёстой. Манай сумд ч гэсэн дотроо өөрсдөө малын тэжээл, өвс хадлангаа бэлтгээд сум сумандаа малаа өвөлжүүл гэсэн үүрэг даалгаварыг өнөөдөр сумдын дарга нартаа өглөө.