АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА СҮХБААТАР СУМЫГ БҮХЭЛД НЬ ТОЙРЧ ШИНЭЭР ТАВИГДСАН БОЛОН ЗАСАЖ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ЗАМУУДТАЙ ТАНИЛЦЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сумыг бүхэлд нь тойрч шинээр тавигдсан зам, зам дагуух тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, засаж сайжруулах шаардлагатай замуудтай танилцлаа. Аймгийн удирдлагын багаас ард иргэдийнхээ санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Сүхбаатар сумын 7, 8-р багт шинэ замууд ашиглалтанд ороод байгаа. 8-р багийн гахайн байр, цэнхэрийн булангийн айлууд сайжруулсан шинэ замтай болсон. Мөн энэ чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусыг 1 км-ээр ахиулан явуулдаг болгосон. 7-р багийн Баян дэлгүүрийн уулзвараас 1-р сургууль, Нэгдсэн эмнэлгээс Худалдааны төв чиглэлд шинэ хар замтай боллоо.
Аймгийн Засаг дарга 3-р багийн нутаг Салхитын амны Итгэлийн дэлгүүрээс дээш эргэсэн шороон зам, 7-р багийн 10 давхараас Залуус хүртэлх шороон зам, 25-ын точкын гарам хүртэлх зам, Буурын голын төв зам зэрэг цаашид засаж сайжруулах нэн шаардлагатай байгаа замуудын бодит байдалтай танилцав. Мөн 7-р багийн 3-р 60 айл, 6-р багийн шар байрууд, 2-р багийн цэнхэр байруудын гаднах талбай болон ойр орчимтой танилцаж, авто зогсоол, тоглоомын талбай, явган хүний зам зэргийг хэрхэн байгуулж болохыг харж судлахаар боллоо.
Эхний ээлжинд Итгэлийн дэлгүүрээс дээш эргэсэн шороон зам, 7-р багийн 10 давхараас Залуус хүртэлх шороон зам, 25-ын точкын гарам хүртэлх замуудыг тэгшлэхийг “Сэлэнгэ” АЗЗА-ны дарга Л.Ганболдод үүрэг болголоо. Буурын голын төв замыг 2018 оны төсөвт суулган сайжруулахаар болов.
Аймгийн Засаг дарга Ш.Оргил Сүхбаатар сум дотор боломжит бүхий л хэлбэрээр явган хүний болон авто зам тавьж, шинэ зогсоол барин авто машины урсгалыг саармагжуулан, хотынхоо өнгө үзэмжийг нэмэхийг гол зорилгоо болгож байна.
Л.Ганболд даргатай “Сэлэнгэ" АЗЗА Сүхбаатар сумыг шинэ замтай, авто зогсоолтой болгоход сэтгэл зүтгэлээ шингээн бүх тооцоогоо аж ахуйн аргаар гарган хамгийн хямд өртөгөөр зам талбайг тавьж, амрах завгүй ажиллаж байгаад талархууштай.