АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БАРУУНБҮРЭН СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил өвөлжилт хүндэрсэн Баруунбүрэн суманд ажиллалаа. Засаг дарга нөөцөөсөө тус суманд 2000 боодол өвс, 2 тн уурагт тэжээл олгосноо гардуулан өгөв. Мөн сумын ард иргэдтэй уулзаж тулгамдаж байгаа асуудлыг нь сонсон тухай бүр нь хариултыг нь өгч, аймаг орон нутгаас барьж байгаа бодлого, гаргасан шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав. Баруунбүрэн сумын иргэд сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тааруу, эмч боловсон хүчин тогтдоггүй, эрүүл мэндийн төв сайн техник тоног төхөөрөмжтэй ч ажиллуулах мэргэжлийн эмч дутмаг, эргэлтийн эмийн сангийн эм ханган нийлүүлэлт тааруу, шинэ залуу төрийн албан хаагчид ажиллаж амьдрахад орон байрны асуудал хүндрэлтэй, түлээ түлш хэрэгцээний модны асуудал, малын хулгай гээд тулгамдаж байгаа асуудлуудаа нэг бүрчлэн хэллээ. 
Аймгийн Засаг дарга Ш.Оргил тус сумын Эрүүл мэндийн төвийг шинэ машин, зөөврийн эхо аппараттай болгох асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Мөн сумын төрийн албан хаагчдын судалгаан дээр үндэслэн эхний ээлжинд 4 айлын орон сууц барих ажлыг эхлүүлье гэсэн юм. Энэ үеэр 1-р багийн иргэн Т.Энхтуяа, 2-р багийн иргэн З.Алтанхүү, 3-р багийн иргэн Ё.Сүхбаатар нарт аймгийн УЗХорооноос олгосон тусламжийг гардуулан өглөө. Сум орон нутгийн удирдлагууд санаачлагатай, хөөцөлдлөгөөтэй байж орон нутаг хөгжинө шүү гэдгийг аймгийн дарга онцгойлон тодотгож байлаа. Аймгийн Засаг даргыг зарим хэлтэс агентлагийн дарга нар дагалдан явлаа.