АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ОРХОНТУУЛ СУМАНД АЖИЛЛАЛАА

Аймгийн Засаг дарга Ш.Оргил зудтай байгаа Орхонтуул суманд ажиллаж нөөцөөсөө олгосон 4000 боодол өвс, 6 тн уурагт тэжээлийг хүлээлгэн өглөө. Орхонтуул бол манай аймгийн хамгийн олон малтай, малчин өрхтэй сум. Энэ үеэр ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, 2018 онд Улсын болон аймгийн хөрөнгө оруулалтаар тус суманд хийгдэхээр батлагдсан ажлуудыг танилцуулан иргэдийн санал хүсэлтийг бичгээр авч хариулт өглөө. Ард иргэдийн зүгээс дулааны шугамын асуудал хүндрэлтэй, залуу малчдыг дэмжих, боловсролын сургалтын чанар тааруу, аймаг дотроо нүүж суухад хориг тавихгүй болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа хэрэгтэй байгаа зэрэг асуудлуудыг голлон ярилаа. Аймгийн Засаг даргаас сумын дулааны шугамын асуудлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдэж, сургуулийн сургалтын чанарын тухайд БСУГ-т үүрэг өгч баг ажиллуулахаар болов. Жижиг дунд тэр тусмаа өрхийн үйлдвэрлэлийг аймгийн зүгээс онцгойлон анхаарч олон талын арга хэмжээ хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа илэрхийлж орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагыг хангасан "нүдээ олсон" тийм л төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ гэлээ. Аймаг дотроо нүүж суухад хориг тавьдаг асуудалд зохицуулалт хийж өгөхөөр боллоо. Энэ үеэр 1-р багийн иргэн Ю.Энхсайхан, 2-р багийн иргэн Н.Батсайхан, 3-р багийн иргэн Н.Баттогтох нарт аймгийн УЗХорооноос олгосон тусламжийг гардуулан өглөө. Аймгийн Засаг даргыг зарим хэлтэс агентлагийн дарга нар дагалдан явлаа.