Мэндчилгээ

Монгол Улсынхаа умард хилээ эмжин, үе үеийн түүхэнд хил хязгаараа манасан, шинэ хөгжил бүхнийг түүчээлэн манлайлсан Сэлэнгэ сайхан нутгаараа овоглон эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа уугуул нутгийнхан, түүхийн шаргал хуудсыг баяжуулан агуу Сэлэнгэ нутаг, түүний алтан хөрс шороонд ариун гэгээн ажил, амьдралаа холбон амьдарч байгаа нийт иргэд та бүхэндээ XVII жарны “Тийн унжлагат хэмээх “шороон Нохой жил”-ийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.

Сэлэнгэ түмэн маань газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээний бүхий л салбарт бахархам сайхан амжилт гаргаж  Тахиа жилийнхээ түүхийн хуудсыг хөгжил дэвшил, ололт амжилтаар дүүрэн үдэж, Шороон Нохой жилтэйгээ золгож байна.

2017-2018 оны өвлийг иргэд, аж ахуйн нэгж, төр, төсвийн байгууллагуудынхаа хүчин чармайлтын үрээр өнтэй сайхан давж, урин хавартай золгож байна.

Эх нутгийнхаа ариун хөрсөнд амилж, урган дэлбээлсэн үр тарианы экологийн цэвэр бүтээгдэхүүнээр Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хангах эрхэм үүрэг хүлээсэн Сэлэнгэчүүд бид 2017 онд улсын нийт үр тарианы 63,9, төмсний 26.7, хүнсний ногооны 39.7 хувийг  үйлдвэрлэн бахдам сайхан амжилт гаргалаа.

Аймгийн маань хүн ам 108768-д хүрч өнгөрсөн оноос 1.9 хувиар өссөн таатай сайхан мэдээтэй байна.

2017 онд 152.1 мян.га-д улаанбуудай, 11.1 мянган га-д тэжээлийн ургамал, 35.1 мян.га-д тосны ургамал, 2.6 мян.га-д төмс, 2.5 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, үр тариа 151.9 мянган тн, тэжээлийн ургамал 11.0 мян.тн, тосны ургамал 21.2 мян.тн, төмс 28.5 мян.тн, хүнсний ногоо 30.8 мян.тн ургац хураан авч зарим сумдад олон хоног үргэлжилсэн хөрсөн дэх халалтаас шалтгаалан ургацын хэмжээ буурсан ч манай ажилсаг иргэд, үйлдвэрлэгч өрх, тариаланчид маань улсынхаа хэрэгцээний тодорхой хувийг үйлдвэрлэх үүргээ амжилттай  биелүүллээ. 

Өнгөрөгч онд 1.509.925 мал тоолуулж, аж үйлдвэрийн салбарт 305.8 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 394.1 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийлээ.

Өнгөрч байгаа алтан унжлагат тахиа жилдээ олсон ололт бүхнээ бататган Монгол Улсынхаа умард дархан хилийг сахин хамгаалж, улсаа тэжээх амуу буудайгаа сугсруулан ургуулж, мал сүргээ эрчимжүүлэн өсгөж, бүтээн босголт, үйлдвэрлэл, үйлчилгээний бүх салбарт гялалзсан амжилтууд ар араасаа дагуулан, айл бүхний хойморт жаргалын наран гийж, инээд хөөр цалгиж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сэлэнгэ нутгийн зон олон Та бүхэн минь айл хотол, ахан дүүсээрээ сар шинэдээ сайхан шинээлээрэй.

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ