АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ТҮШИГ СУМАНД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Түшиг суманд ажиллаж сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байр зэрэг төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Мөн “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийг тус суманд хийлээ. Түшиг бол түүхийн шарласан хуудаснаа тодоос тод мөртэй, атрын анхны шанг татсан ариун хөрс шороотой, Монгол-Орос улсын хилийн бат гагнаас болсон онцлог сум юм. Үзэсгэлэнт байгаль түүнийг дагалдах баялаг, ховор ан амьтадын өлгий нутаг. Энэхүү баялаг бас бахархам түүхтэй нутгийн зон олонтой уулзсан уулзалтын эхэнд аймгийн дарга цаашид барьж ажиллах бодлого чиглэлээ танилцуулав. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидээ боломжтой бүхий л хэлбэрээр дэмжих бодлогыг барин ажиллаж байгаагаа онцолсон.

Сэлэнгэ аймгийн тухайд төмс хүнсний ногоо тариалалт өрхийн үйлдвэрлэлийн “сонгодог” жишээ болж байгаа. Ногоо тариалдаггүй сум гэж байхгүй, айл өрх тун ховор. Бараг бүгд хүнсний ногоо тариалдаг онцлогтой. Энэ өөрт байгаа давуу талаа ашиглан аймгийн зүгээс өрхийн үйлдвэрлэлийн гол түшиц болох хүнсний ногоо үйлдвэрлэгчидээ чанартай сайн үрээр хангах, тарьж ургуулсан ногоог нь хадгалах зоорьтой болох, ямар ч нөхцөлд аль ч төрлийн ногоог ургуулах хүлэмжтэй байх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх гэсэн үндсэн бодлогын барьж энэ хүрээнд гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдэд санал хүсэлтээ тавьж, бодлого боловсруулан гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм.  

Манай аймагт төмсний үр үржүүлгийн Монгол Улсдаа цор ганц “Элит үр” гэж компани бий. Хушаат суманд үйл ажиллагаа явуулдаг энэ компаниа түшиглэн “Сэлэнгэ” ч юмуу өөрийн нэрийн үртэй болж, үрийн чанартаа анхаарах боломж байгааг аймгийн дарга тодотголоо.

Иргэдтэй уулзсан уулзалтын үеэр Сүхбаатар-Түшиг чиглэлийн 4 сумыг холбосон авто замын асуудал, газар өмчлөл, элэгний В вирусыг үнэ төлбөргүй болгож болох эсэх, спорт заалтай болох, сумын ЗДТГ-ын байр муудсан зэрэг асуултуудыг иргэд асууж тухай бүр нь хариултаа авлаа. Иргэдийн асуултууд дундаас манай суманд ”Жорлонгоо шинэчлэе” төслийн багийг ажилуулж болох уу? гэдэг асуулт сонин байсан бөгөөд төслийн хүмүүстэй яриад ажилуулахаар болсон юм.  

Ийнхүү Түшиг сумын иргэдтэй хийсэн уулзалт үр дүнтэй өгөөжтэй боллоо. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Ш.Оргил сумын Эрүүл мэндийн төвд суурин болон зөөврийн эко 2 аппарат өгөхөө амлалаа. Аймгийн Засаг даргыг зарим агентлагийн дарга нар дагалдан явлаа.