МАРГААНТАЙ БАЙСАН 300 ГА ГАЗРЫГ ЦУЦЛАХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Шаамар сумын иргэдийн гомдлын мөрөөр маргаантай байсан 300 га газрыг хууль тогтоомжийн хүрээнд  цуцлах шийдвэрийг гаргаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болголоо.

Болсон үйл явцын тухайд:-
Шаамар сумын ИТХ-ын 2018.12.14-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга 2019.02.01-ний өдрийн А/12 дугаар захирамж гарган дуудлага худалдаа явуулахад “Сэлэнгэ үндэс” ХХК шалгарч уг газрыг авсан бөгөөд гэрээ байгуулан газар эзэмших эрхтэй болсон байна.


Гэвч 2019.03.11-ний өдөр “Сэлэнгэ үндэс” ХХК нь Лиу Хэшун захиралтай “Хэшун агро” ХХК-д компанийхаа 50.0 хувийг шилжүүлсэн нь “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 3.1.5-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж болсон бөгөөд энэ нь “Газрын тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар газар эзэмших эрхгүй болсон. 


“Сэлэнгэ үндэс” ХХК-ийн энэхүү үйлдлээс болж Шаамар сумын Засаг дарга гадаад эзэнтэй компанид газар олгосон мэтээр буруу ойлголт төрүүлж байгааг иргэд та бүхэн зөвөөр ойлгоно уу.