АЛТАН ШАРГАЛ ТАРИАН ТҮРҮҮГЭЭРЭЭ ГОЁСОН АЙМГИЙН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН
Энэ цаг мөчид Монгол Улсад атар газрыг эзэмшиж, шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлсний түүхт 60 жилийн ой тохиож байна.
Атрын анхны шанг татсан хийгээд хөрс шороотой ажил амьдралаа холбосон хэн бүхний хувьд энэ ой түүхэн тэмдэглэлт ой яах аргагүй мөн юм. Тэр тусмаа Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалж,энэ том ачааг нуруун дээрээ үүрч яваа гол аймаг бол Сэлэнгэ.
Сэлэнгэ аймаг улсын хэрэгцээт үр тарианы 50-60 хувийг, төмсний 28 хувийг, хүнсний ногооны 40 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Энэ бол энэ аймагт ажиллаж, амьдарч, хөдөлмөрлөж бүтээж байгаа хүн бүхний бахдал мөн. Тийм ч учраас өнөөдөр алтан шаргал тариан түрүүгээ гоёсон аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан ёслол төгөлдөр боллоо.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаад Засаг дарга Ш.Оргил 17 сумаар аялсан хүндэт дэвтрийг хүлээлгэн өгч, их танхимын хойморт ойн баярын хүндэтгэлийн тугийг заллаа. Хурлын дарга, Засаг дарга, төлөөлөгчид хөрс шороогоо тордон экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нийт тариаланчид, ногоочид, жимсний аж ахуй эрхлэгчиддээ талархал илэрхийллээ.
Мөн энэ хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд Атар газрыг эзэмшсэний 60 жилийн ойн медалийг гардуулж, хүндэт дэвтэрт гарын үсгийг нь мөнхөллөө.