УИХ, ЗГ-ын гишүүд Сайхан суманд ажиллав
УИХ, Засгийн Газрын гишүүд манай аймагт энэ сарын 30-ны өдөр ажиллалаа. Аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны дэд сайд Н.Оюундарь нар Шаамар, Алтанбулаг суманд, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Барилга хот байгуулалтын сайд Б.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нар Сайхан суманд ажиллав. 
 
 
 
УИХ, ЗГ-ын гишүүд ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож, ажлын чиг үүрэгтээ тусгах, сум орон нутгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудалтай танилцах зорилгоор ийнхүү орон нутагт ажиллаж байна. Сайхан суманд ажилласан ажлын баг хамгийн түрүүнд сумын адирдлагатай уулзаж, сумын өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлыг сонсон, харилцан ярилцлаа. Дараа нь сумын иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд салбарын сайдууд “Шийдлийн” Засгийн газраас өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйлчилгээнээсээ танилцуулж, мэдээлэл хийлээ. Барилга хот байгуулалтын сайд Б.Цогтбаатар өөрийн салбараа “Хүн төвтэй, иргэн төвтэй, хүний төлөө салбар болгохоор зорьж байгаагаа, анх удаа “Сайдын үзлэг”-ийг салбартаа бий болгож, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хийж эхлэх гэж байгаагаа хэллээ. Салбарын сайд үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарыг уул уурхайн салбарын дараа орохуйц том салбар болгохын төлөө ажиллана гэв. Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа эрүүл мэндийн даатгалын шинэчлэгдсэн хуулийн давуу тал, иргэн хүнд ямар боломж гарсаныг танилцууллаа. Харин ард иргэдийн зүгээс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах, сум болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлыг шалгуулах, сумын ЗДТГ-ын албан хаагчид харилцааны соёл муутай, суманд анх ирсэн “Илгээлтийн эзэд”-д анхаарал дутмаг байгаа, Сайхан сумын Дулааны станцын асуудал, Хувийн сургуулийн санхүүжилтэнд анхаарах, тосгодын гарцыг нь зөв шийдэх, Цемент шохойн үйлдвэрээс мэргэжлээс шалтгаалах өвчнөөс хамааран 69 хүн мэдэгдэл аваад байгаа, Хувийн эмнэлгийн стандарт хэт өндөр байгаа, Номгон тосгонд нийгмийн даатгалын байцаагч, тосгоны эмнэлэгт түргэн тусламжийн машины хэрэгцээ шаардлага тулгараад байгаа зэрэг саналуудыг гаргалаа.
 
 
Сайхан сумын дулааны станын үйл ажиллагааны талаар Цемент шохойн үйлдвэрийн дарга н.Батдорж мэдээлэл өглөө. Тэрээр, дулааны станцын асуудал тулгамдсан асуудлын нэг болоод байгаа нь үнэн. Манайх үйлдвэрийнхээ дэргэд “Хөтөл Энержи“ гэж охин компани байгуулсан. Энэ компани дулааны станцтай холбоотой бүх асуудлыг шийдэж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтууд энд хийгдэнэ. 2014 онд манай дулааны станц 2,5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2015 онд ч алдагдал үргэлжлэхээр байгаа. Манайхаас Засгийн Газарт эрчим хүч түгээдэг эрхийг нь бидэнд өгөөчээ гэдэг саналыг тавьж байгаа. Бид иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллана гэлээ. Мөн тэрээр үйлдвэр ашигтай ажиллаж байгаа гэсэн юм.
 
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Сэлэнгэ аймгийн хэмжээнд Орхон, Түнхэл, Номгон гэсэн 3 газарт эмнэлгийн түргэн тусламжийн машины эрэлт хэрэгцээ байна. Номгоны машиныг анхааралдаа авлаа. Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс үүдэн мэдэгдэл аваад байгаа хүмүүсийн тухайд 70 хувиас доош бол үйлдвэр нь асуудлыг шийд. Үйлдвэр ашигтай ажиллаж байгаа гэж захирал нь хэллээ. Тэдгээр хүмүүс 40-50 хувьтай байна гэдэг харьцангуй бага байна. Хувийн эмнэлэг тусгай зөвшөөрөлд нийцээгүй бол өөр арга байхгүй гэдэг хариултыг өглөө.
 
Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-Үндсэн хууль, засаглалын бодлогын талаар санал хэлж байна. Сум хөгжлийн сан болохгүй байгаа талаар бас санал хэллээ. Ажлын хэсэг ажиллуулъя. Номгон тосгонд нийгмийн даатгалын байцаагч хэрэгтэй байгаа саналыг бид холбогдох дээд шатны байгууллагат өгье. НДЕГазар энэ асуудлыг шийднэ. Хувийн эмнэлгийн дүрэм журмыг харъя. Сумын ЗДТГ-тай холбоотой саналыг шалгаж нягтлан болохгүй байгаа бол газар дээр нь арга хэмжээ авъя гэлээ.