Аймгийн Засаг дарга хилчидтэйгээ газар дээр нь очиж уулзлаа

 

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа хилийн застав, харуулуудаараа 2 хоногийн томилолттой ажиллаад ирлээ. Манай аймгийн хэмжээнд 0243-р анги хариуцдаг 7 застав, 10 гаруй харуулын цэгүүд байдаг. Эдгээр застав, харуулын цэгүүд дээр очихдоо эхлээд хилчдийнхээ аж амьдралтай танилцаж, Монгол Улсын тусгаар тогтнол, хойд хилийн асуудал, тэнд алба хааж байгаа цэргүүдийн ая тухтай байдал, бие бүрэлдэхүүн цэргийн албан хаагчдын нөхцөл байдалтай танилцлаа. Мөн хил дагуух бүс нутгийн хувьд малчид, тариалан эрхэлдэг хүмүүст зарим зовлон учирдаг. Хадлан тэжээлээ бэлтгэх, хилийн тусгай бүсэд орших газар тариалангийн үйл ажиллагаа явуулах, зан үйлийн үйл ажиллагаа явуулах гэх мэтчилэн янз бүрийн асуудал гардаг. Энэ бүхэнтэй газар дээр нь танилцахдаа тухайн ангийн удирдлагатай хамт явсан юм. Аймгийн Засаг дарга энэ оны эхээр ХХЕГ-тай байгуулсан гэрээ хэлэлцээрийн дагуу бодит байдалтай танилцаж, ойрын хугацаанд хилчидрүүгээ анхаарсан, хилийн бүс нутгийн чиглэлд байгаа малчдынхаа тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ийнхүү ажиллалаа.