Аймгийн Засаг дарга Орхон, Сант сумдад ажиллав

 

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат энэ сарын 15,16-ны өдрүүдэд Сант, Орхон сумдад ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцан, ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
 
Сант, Орхон сумдад өвөлжилтийн байдал хэвийн, цас нилээдгүй орсон байна. Ард иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ажил хэргийн шинж чанартай асуулт, дэмжлэг хүссэн санал хүсэлт багагүй гарч байв. Манай аймгийн сумдад “би ажилгүй байна, хэцүү байна” гэдэг үг байхаа больж, ийм ажил хийх гэсэн юм, энэ санааг минь дэмжих боломжтой юу гэдэг санал санаачлага их гардаг болсон нь дэвшил юм. Хавар, намрын ургац хураалтанд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмжүүдийн засварын иж бүрэн цех байгуулах гэсэн юм, хоршооллыг ямар хэлбэрээр хэрхэн яаж байгуулах вэ, орон сууцжуулалт, барилгажилтын асуудалд анхаармаар байна гэхчилэн орчин үетэйгээ, нийгэмтэйгээ зохицсон бүтээлч сэтгэлгээний ажил, санаачилга их гарч байлаа. Хөдөөгйин малчин өрхүүдээр явсан уулзалтаар ч малчдын амьдрал ахуй дээшилсэн, сэтгэл санаа нь өөрчлөгдсөн нь харагдаж байв. Малчдын хувьд тулгамдаад байгаа гол асуудал нь бэлчээрийн даац, бэлчээр ашиглалт. Мөн түүхийн эдийн борлуулалт дээр нэгдсэн нэг бодлоготой байвал зүгээр байгаагаа хэлж байв.
 
 
Сумдаас ирүүлсэн ард иргэдийн хүсэлтийн дагуу хүн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг, газарын кадастрын үйлчилгээг энэ үеэр үзүүлсэн юм. Нэг өдөрт эмч нар 300 гаруй хүнд эмчилгээ оношлогоо хийж, кадастарынхан айл өрхүүдээр зураглал гарган газар дээр нь үйлчилгээг хүргэлээ. Энэ нь тухайн сумын иргэний хувьд дэргэдээсээ, гэрээсээ үйлчилгээгээ хүртсэн, аймаг орох зардал чирэгдлийг бууруулсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийн нэг хэлбэр боллоо. Мөн нөгөөтэйгүүр төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүртэх бас нэгэн давуу чанар болж чадлаа.