Сэтгүүлчид аймгийн удирдлагуудтай уулзаж, харилцан яриа өрнүүллээ

 

Аймгийн төв Сүхбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид хамтын сурвалжлагын хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, харилцан ярилцлаа.
 
2014 онд хийсэн ажил үйлчилгээ, ололт амжилт, цаашид хийх ажлынхаа талаар аймгийн удирдлагууд мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. Энэ сарын 18-ны өдөр болсон тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа нар оролцлоо. Сэлэнгэ аймаг 2014 оныг “Ээлтэй орчин-Их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарлаж, энэ хүрээндээ олон ажлыг зохион байгуулсан. Ард иргэдрүүгээ чиглэсэн, тэдний ажил үйлчилгээг дэмжсэн, аялж зугаалах, амьдрах орчинг нь сайжруулсан, эрүүл ногоон орчинд амар тайван байх нөхцөл боломжийг хангасан бүтээлч ажлуудыг энэ онд хийгээд байна. Эдгээрээс цухас дурьдахад 6 сумын соёл эдийн засгийн өдрийг аймгийнхаа төвд зохион байгуулан сурталчилсан, “Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн”-ээ, жижиг дунд бизнес эрхлэгчидийнхээ бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг нийслэл хот болон Орхон аймагт зохион байгуулсан, уламжлалт нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг 17 сум, 6 тосгондоо зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдийнхээ дэргэд хүргэсэн, хөрш Буриад улстай хамтран ажиллах тохиролцоонд хүрч, гадаад харилцаагаа өргөжүүлсэн, атрын түүхэнд бичигдэх шинэ дээд амжилт тогтоон га-гаас 17,6 цн ургац хураасан гээд бахдам амжилтаар баялаг жил байсныг аймгийн удирдлагууд онцлон тэмдэглэж байв. Ирэх он ч ялгаагүй Сэлэнгэчүүдийн хувьд амрах завгүй их ажлын жил байх болно гэдгийг аймгийн дарга тодотгож байлаа.