Эд хөрөнгийн бүртгэлийн цахим үйлчилгээг суманд нэвтрүүллээ

Монгол Улсын хэмжээнд эд хөрөнгийн цахим бүртгэлийн үйл ажиллагааг орон нутаг буюу суманд анх удаа явуулж эхэлсэн аймаг Сэлэнгэ болж байна.

 
Эд хөрөнгийн цахим бүртгэлийн үйл ажиллагааны албан ёсны нээлт манай аймгийн хоёр том сум болох Мандал, Сайхан сумдад боллоо. Орон нутгийн түвшинд анх удаагийн энэхүү үйл ажиллагааны нээлтэнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Т.Баттулга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Н.Туяа, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Х.Батгэрэл, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Батдэлгэр болон сумдын Засаг дарга нар, албан байгууллага аж ахуйн нэгж, ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
 
 
 
Мандал сумын хувьд Хараагийн бүсийн, Сайхан сумын хувьд Орхон бүс буюу баруун таван сумын ард иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн цахим төв ийнхүү нээгдлээ. Дээрх сумын иргэд эд хөрөнгөтэй холбоотой лавлагаа болон бусад баримт бичиг авахын тулд аймгийн төвд ирдэг байсан чирэгдэл арилж, төрийн үйлчилгээг дэргэдээсээ, ойроос авах нөхцөл ийнхүү бүрдэж байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан дээрх хоёр сум ЗДТГ-таа үл хөдлөх хөрөнгийн архивын өрөөг зориулалтын дагуу тохижуулан бэлтгэжээ. Мандал сумын үл хөдлөх хөрөнгийн архивт Мандал, Баянгол сумын үл хөдлөх хөрөнгийн 8473 хувийн хэргийг шилжүүлэн байршуулсан юм.