Мэндчилгээ

Эрхэм хүндэт Сэлэнгэчүүдээ

 
Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэж, ажлын ажилт бүтээл, амьдралын хамгийн сайн сайхныг бэлэгдэн ерөөе.
 
Хэнд ч үл захирагдах, юунд ч үл саатах цаг хугацаа өөрийн жам ёс, жигд хэмнэлийн дагуу хөврөн өнгөрсөөр та биднийг хоёр оны зааг дээр бас дахин авчирлаа.
 
Улиран өнгөрч буй 2014 он Монголчуудын хийгээд Сэлэнгэчүүдийн амьдралд тохиосон сайнтай, саартай онцлог содон олон үйл явдлуудаар буурал түүхийн хуудсыг зузаалан улиран одож байна.
 
Ажил үйлс амьдрал ахуйгаа байгаль дэлхийн араншинд зохицуулан авч явдаг Сэлэнгэчүүдийн хувьд өнгөрч буй жилд цаг агаарын харьцангуй тааламжтай нөхцөл тохиосон хэдий ч улс орны хэмжээнд үүссэн эдийн засгийн хямрал, улс төр, засаглалын үйл ажиллагаанд учирсан зарим таагүй үйл явдлууд бидэнд багагүй бэрхшээл хүндрэлийг учруулж байсныг хөдөлмөрч бүтээлч Сэлэнгэчүүд маань үл огоорон сэтгэл, зүтгэлээрээ даван туулж, үр дүнг ч бий болгосон бахархлаар хуучин оноо үдэж байна.
 
Улс, аймаг, орон нутгийн эдийн засаг, хөрөнгө санхүүд хомсдол, хүндрэл нүүрлэсэн цаг хугацаа тохиосон хэдий ч Сэлэнгийн тариаланчид маань энэ онд сүүлийн 26 жилд үзүүлээгүй амжилтыг үзүүлж 242,0 мянган тонн үр тариа, 46,1 тонн төмс, 31,5 тонн хүнсний ногоо хурааж, га-гаас 17,6 центр улаанбуудайн ургац авч атрын 55 жилийн түүхэнд 2 дахь дээд амжилтаа тогтоосон түүхэн бахархалт амжилтанд хүрлээ.
 
Малчид маань хөдөлмөр зүтгэлээрээ амьжиргааны эх үүсвэр болсон эрдэнэт мал сүргээ тоо чанараар нь өсгөж 1471,1 мянган толгой малтай боллоо.
 
Бид 2014 онд төсөв эдийн засгийн хувьд хязгаарлагдмал байсан хэдий ч хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын багагүй ажлыг хийж амжуулж чадлаа. Аймгийн төв Сүхбаатар хотод жуулчид, ард иргэдийнхээ аюулгүй тайван амарах таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Цагаан эрэг” цогцолбор, орон сууцнуудын дундах тохижилт, байрнуудын гадна авто зогсоол, Сүхбаатар сумын 3-р багт сайжруулсан авто зам, 4-р багийн айл өрхийн инженерийн шугамын шинэчлэл, Цагааннуур суманд сумын төвийн шинэчлэл, Сайхан сумын инженерийн шугамын шинэчлэл, ерөнхий боловсролын 20 сургуулийг микро автобустай болгон бүх сумдыг өндөр хурдны шилэн кабельд холбох зэрэг олон ажлуудыг амжуулсан түүхэн жил байлаа.
 
Ирж буй шинэ ондоо аймаг, сум, албан байгууллага, аж ахуйн нэгж хамт олон, айл өрх, иргэн бүр идэвхи санаачлагатай ажиллаж, аймаг орон нутгийнхаа хөгжилд өөр өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.
 
Олсон ололт амжилт, үр дүнгээ бататган хөгжлийн шинэ зорилго зорилтыг шинэ үр дүнгээр, илүү амжилт их бүтээлээр хангаж, хөгжлөө ахиулах, амьдралаа сайжруулах олон ажил, асуудал бидэнд байгааг он солигдох энэ торгон агшинд ухааран бодож улам эрч хүчтэй ажиллахыг Сэлэнгэчүүддээ хүсье.
 
 
 
СЭЛЭНГЭ АЙМГИЙН
 
ИТХ-ЫН ДАРГА   Ж.САНЖЖАВ                                          ЗАСАГ ДАРГА   С.БҮРЭНБАТ