Аймгийн Засаг дарга 6200 км зам туулсан нутгийн хүүгээ хүлээн авч уулзлаа

Чимэдсэнгээгийн Мөнгөндалай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон тосгонд төрсөн, одоо 30 настай хэл, яриа сонсголын бэрхшээлтэй иргэн.

 
Аав, ээж, ах дүүгээсээ хар багаасаа өнчрөн үлдсэн түүнд харж хандах төрсөн ах дүү гэж үгүй. Гэсэн хэдий ч 29-р сургууль, Техникийн коллежийг цахилгаанчны мэргэжлээр төгсөн мэргэжил эзэмшиж чадсан. Мэргэжлээрээ 2 жил ажиллаж байгаад өөрийн сонирхол хүсэл эрмэлзлэлээ даган дугуйн спортоор хичээллэх болжээ. Тэрээр Монголын дугуйчдын “Нэгдэл” клубын гишүүн юм. Хүсэл тэмүүлэл нь түүнийг Монгол орноо тойрох аялалд урин дуудсан байна. Бүгчим халуун, усан бороо, тэсгэм хүйтэн 167 хоногт 15 аймгийн 210 гаруй сумаар орж, 6200 км замыг ганцаараа явж туулсан байна. Түүний энэхүү хүнд хэцүү аялалыг Монголын Залуучуудын Холбоо, Монголын Дугуйчдын холбоо дэмжиж, хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн бэрхшээлтэй бүү хэл эрүүл саруул хүн ч ийм хол замыг туулна гэдэг амаргүй. Эр зориг гарган 6200 км замыг туулж чадсан нутгийнхаа хүүг аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хүлээн авч уулзаж, Засаг даргын “Жуух бичиг” болон мөнгөн урамшууллаар урамшууллаа. Мөн түүнийг МЗХолбооноос “Эр зоригийн алдар” меделиар шагнажээ. Ч.Мөнгөндалай дэлхийг дугуйгаар тойрох хүсэл зоригийг өмнөө тавиад байгаагаа аймгийн даргад танилцуулж, түүний энэхүү том мөрөөдлийг ажил хэрэг болгоход аймгийн зүгээс дэмжин ажиллана гэлээ. Очсон газар бүрт халуун дотноор хүлээж авсан сайхан сэтгэлд бүх хүмүүстээ талархаж байгаагаа Ч.Мөнгөндалай илэрхийллээ.