САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ж.САНЖЖАВ, ЗАСАГ ДАРГА С.БҮРЭНБАТ НАРЫН АРД ИРГЭДДЭЭ ХҮРГЭХ САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

 

Өргөн Сэлэнгээрээ овоглосон сэтгэл, зүтгэл нэгт ахан дүүс, Сэлэнгэ сайхан нутагтай ажил амьдралаараа холбогдсон нийт ард иргэддээ XVII жарны модон хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийн ерөөлийг өргөн дэвшүүлье.

Цагийн аясаар шувтарч буй Морин жилээ ажил, амжилтаар арвин үдэж, буян хишгийг далласан Хонь жилтэйгээ золгож байгаадаа бид сэтгэл дүүрэн байна.
Ажил үйлс, амьдрал ахуйгаа байгал цаг уурын араншинд зохицуулан, ард түмнээ ундтай байлгах хариуцлагатай бөгөөд бахархалтай үүрэг хүлээсэн Сэлэнгэчүүд хийморь бадраасан морин жилд 245.3 мянган тонн үр тариа, 45.4 мянган тонн төмс, 32.6 мянган тонн хүнсний ногоо хураан авч, тариалсан улаанбуудайн нэг га тутмаасаа 17.6 цн ургац, хурааж сүүлийн 26 жилд давтагдаагүй шинэ дээд амжилтын эзэд боллоо.
 
Таван эрдэнэ сүргийнхээ буян хишгийг түшиж амьдардаг малчид маань 546.1 мянган төл хүлээн авч, мал сүргийнхээ тоо, чанарыг нэмэгдүүлж 1.4 сая малтай болоод байна. Хонин жилийн босгон дээр бидний дундаас Монгол Улсын сайн малчин 3, Улсын тэргүүний тариаланч 5, Улсын тэргүүний тариаланч хамт олон 3 тодорч хөдөлмөрийн үр өгөөжөө төрдөө үнэлүүлээд байна.
 
Морин жилд улсын хэмжээнд санхүүгийн хувьд хязгаарлагдмал байсан хэдий ч үйлдвэрийн салбарт 681.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 408.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, тэртээ 1924 онд сууриа тавьж байсан Баруунбүрэн, Зүүнбүрэн, Мандал, Ерөө, Түшиг, Цагааннуур, Шаамар сумд есөн аравны түүхээ бататгаж, аймгийн төв Сүхбаатар сумын өнгө төрхийг сайжруулахад анхаарч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн хүүхэд залуус, зочид, жуулчдын амарч тухлах таатай орчинг бүрдүүлсэн “Цагаан эрэг” цогцолбор, Оргидог булгийн тохижилт, орон сууцнуудын дунд хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, Сүхбаатар сумын 4-р багийн болон Сайхан сумын инженерийн шугамын шинэчлэл зэрэг иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн олон ажлуудыг амжуулаад байна.
 
2014 оныг “Ээлтэй орчин-Их бүтээн байгуулалтын жил” болгон “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүлж, 24.0 мкв талбайг зүлэгжүүлэн, 5000 гаруй бут сөөг тарьж, 50 баг, 6 тосгоны дунд төрийн үйлчилгээний ээлтэй орчин бүрдүүлсэн баг шалгаруулах болзолт уралдаан зарлан дүгнэж, бусад аймгуудаас анх удаа “Ирээдүйн их мастер” 1000 сурагчийн шатарын тэмцээнийг аймагтаа зохион байгуулж, бүх сум, суурин газруудыг интернетийн сүлжээнд холбож, ерөнхий боловсролын сургуулиуддаа алслагдсан баг, суурин газруудын хүүхэд тээврийн зориулалтын бага оврын автобусаар хангаж, аймгийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ОХУ-ын Буриад Улстай тодорхой салбаруудад хамтран ажиллах эхлэлийг тавьсан зэрэг ажил, амжилтаар арвин баялагтай түүхэн цаг хугацаа байлаа.
 
XVII жарны модон хонь жил нийт Монголчуудад тэр дундаа Сэлэнгэчүүд бидэнд хишиг, ивээлээ хайрлаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, зорьсон зорилгоо биелүүлж, од хийморь, оргилуун хүслээр дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөе.
 
 
Нутгийн түмэн олон маань
 
Айл,саахалт
 
Ахан дүүсээрээ
 
Сар шинэдээ сайхан шинэлээрэй
 
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай