Аймгийн Засаг дарга ОБГ-ын үйл ажиллагаатай танилцлаа 2015 оны 4-р сарын 03, Баасан гариг, 18:31

Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат өнөөдөр Онцгой байдлын газрын ажил байдалтай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.

 
Өнөөгийн ОБГ-ын түүхэн замнал нь 1934 оны 8 дугаар сарын 22-нд Ерөнхий сайдын 17 дугаар тушаалаар Сэлэнгэ аймагт Дотоодын хамгаалах ангийн дэргэд 5 хүнтэй галын аюулаас хамгаалах анхны комисс байгуулснаас үүсэлтэй ажээ. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн тушаалаар Онцгой байдлын газар болон өргөжсөн байна. Онцгой байдлын газрын хэмжээнд офицер 43, ахлагч 145, Улсын нөөцийн салбарын 24, энгийн 4 нийт 216 албан хаагчтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Гал унтраах зориулалтын 11, тусгай зориулалтын 3, Шуурхай албаны 13 автомашин, Туслах албаны 5 автомашин, нийт 32 автомашинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар 2015 онд:
 
 
 
• Албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга зохион байгуулалт, мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, гал унтраах, аврах ажиллагааны арга технологийг мэргэжлийн түвшинд эзэмшүүлэх;
 
• Гамшгаас хамгаалах талаар үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;
 
• Албан хаагчдын бүтээлч санал, санаачлагыг өрнүүлэн, нийгмийн асуудал, ажлын байрны нөхцлийг сайжруулах үндсэн зорилтын дэвшүүлэн ажиллаж байна.
 
 
Энэ онд тус газраас гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, Сэлэнгэ аймагт зохион байгуулах команд штабын сургуулийн бэлтгэл ажил, Орхон, Сант сумдад ГХИБ сургууль, Хушаат, Жавхлант КШ сургууль, Гамшгийн эрсдэлийг бууруулах ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ сургалт, Түлш, эрчим хүчний албатай КШ сургууль, Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Гамшгаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон ажил үйлчилгээг зохион байгуулан явуулахаар төлөвлөжээ. Тус хамт олон он гарсаар “Гэр бүлийн үнэ цэнэ” өдөрлөг, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль, “АВРАГЧ-2015” тэмцээнийг тус бүр зохион байгуулаад байна.
 
Алба хаагчдын зүгээс гэр хороололын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахад, үерийн даланг сэргээн засварлахад, түймрийн пост ажиллуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, гол усанд золгүй байдлаар эрсдэх байдал гардаг тул урьдчилан сэргийлэх эргүүл хамгаалалтын ажилд эрх зүйн туслалаа хэрэгтэй байгаа, олон сараар гэр орноо мартан явдаг алба хаагчдын ар гэрийн нийгмийн асуудал хүндрэлтэй байдаг, ашиглаж байгаа техник хуучирч муудсан, усны болон эрсдлийн үеийн хувцас өмсгөл дутагдалтай, дэд бүтэцтэй холбогдсон байшинг 8 хувийн зээлд хамруулах бололцоотой эсэх зэрэг олон саналуудыг гаргалаа. Уулзалтанд оролцсон алба хаагчдаас 4 хүн орон сууцанд, 5 хүн түрээсийн байранд бусад нь гэр хороололд амьдарч байна гэсэн хариултыг өгсөн. Тус газрын ажилтан албан хаагчдын бараг ихэнх нь гэр хороололд амьдардаг гэж удирдлагууд нь хэлж байв.
 
Эдгээр гаргасан саналуудыг аймгийн даргаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ажил үйлчилгээтэй холбоотой саналуудыг нэгтгэн төлөвлөж танилцуулах үүргийг газрын даргад өглөө. Алба хаагчдын нийгмийн асуудлын тухайд газраа өмчилж аваагүй, үл хөдлөх хөрөнгө байшингаа гэрчилгээжүүлж баталгаажуулаагүй, 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлттэй алба хаагчдын судалгааг гаргах үүргийг мөн газрын даргад өглөө. Гаргасан судалгааны дагуу үл хөдлөх, газрын үйлчилгээг ОБГ дээр ирж үзүүлнэ гэсэн юм. Мөн шинээр баригдах хаус хороололд ажлын ачаалал ихтэй байдаг тус албаныханыг хамруулан бодолтой байгаагаа хэлсэн. Усны өмсгөл хувцасны тухайд ямар хувцас хэрэгтэй байгаагаа хэлээрэй гэв. Аймгийн ЗД-ын нөөцөд гамшиг осол эрсдлийн үеийн хөрөнгө байдаг. Ямар нэг эрсдэлт үйл явц болохгүй бол тэр мөнгийг та бүхний нийгмийн асуудалд зарцуулах боломжтой. Тиймээс урьдчилан сэргийлэх ажлаа сайн хийгээрэй гэж аймгийн дарга хэллээ. Мөн харилцан ойлгомжтой байя. Та бүхэн эрхэлсэн ажилдаа ур чадвартай байгаарай гэсэн юм.