Энэ бол Сэлэнгэчүүд бидний хамтын амжилт

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:

 
Энэ бол Сэлэнгэчүүд бидний хамтын амжилт
 
МУ-ын Засгийн газар 2014 оны ажлаа дүгнэлээ. Энэ удаа Засаг даргын мөрийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж, үйлдвэрлэл, эдийн засгийн салбарт манай аймаг тогтвортой байгаа энэ байдлыг онцолсон байгаа. Мөн нийгмийн салбарт хүрч ажиллаж байгаа энэ бүх амжилтуудыг маань үнэлж засаглалын болон нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ “2014 оны Шилдэг аймаг” аймаг гэсэн СОЁРХОЛЫГ ерөнхий сайдаас хүлээж авсан.
 
Энэ амжилт бол аймгийн Засаг даргын, аймгийн удирдлагын багийн амжилт гэхээсээ илүүтэй манай аймгийн баялаг бүтээгчид, үндэсний үйлвэрлэгчдийн амжилт. Тэдний маань үйл ажиллагаа тогтвортой сайн явж байгаа учраас хүмүүс ажилтай, орлоготой, аймаг маань татвартай, үйл ажиллагаа маань харилцан уялдаатай сайн явсны үр дүн гэж үзэж байгаа. Бид манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сумдын ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамт олон, агентлагууд, манай аймагт үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүд, ТББ-ууд, иргэд, манай аймгийн үйлдвэр үйлчилгээ, нийгэм соёл, эдийн засаг гээд бүх салбарынхантайгаа энэ амжилтаа хуваалцаж байна. Энэ бол Сэлэнгэчүүд бидний хамтын амжилт. Өнөөдөр улс орон маань эдийн засгийн жаахан хүнд үед явж байгаа ч Сэлэнгэчүүд эдийн засаг нийгмийн үзүүлэлтээ тогтвортой байлгаж байгаад сэтгэл хангалуун байна. Манай аймаг бол Монгол Улсын хүнсийг дангаараа хангадаг аймаг. Сая эдийн засгаа тооцож үзлээ. Манай аймаг МУ-ын төмрийн хүдрийн олборлолтыг 100 хувь, цементний үйлдвэрлэлийн 70 хувь, спиртийн үйлдвэрлэлийн 65 хувь, шохойн үйлдвэрлэлийн 60 хувь, хүнсний улаан буудайн 55 хувь, хүнсний ногооны 34 хувийг дангаараа үйлдвэрлэж байна. Энэ бүх үйлдвэрлэл дээр манай Сэлэнгэчүүд нөлөө бүхий байна. Тиймээс бид төрөөс ямар нэг татаас дэмжлэг хүсдэггүй, өөрөө өөрийгөө аваад явдаг, бусдад ажлын байр бий болгодог энэ үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжиж, цаашдынх нь үйл ажиллагаанд зах зээлд гарах талаас нь дэмжиж ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр бидний энэ амжилт төр, иргэд хоёрын бие биенээ ойлгосон хамтын ажиллагааны үр дүн юм. Тийм учраас аймгийнхаа нийт баялаг бүтээгчид, энэ баялгийг бүтээхийн төлөө зүтгэж байгаа өргөн олон, түүнийг амжилттай удирдан хамтран ажиллаж байгаа төр захиргааны байгууллагууд, бидэнтэй хамтарч ажилладаг төрийн бус байгууллагууд, нийт хүмүүстээ энэ бол та бидний хамтын амжилт шүү гэдгийг хэлмээр байна. Энэ амжилтандаа урамшиж цаашдаа бие биенээ дэмжиж тэтгэн, эдийн засгаа хөгжүүлж олон тулгууртай болгон, ашигтай орлоготой байлгацгаая. Айл бүрт ажлын байр гэж санаа зовохгүй тайван амьдрал байхын төлөө зүтгэж ажиллая. Нийт Сэлэнгэчүүддээ дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсч, энэ зун хийсэн бүтээсэн болгон нь өөртөө ашиг орлого авчирч, намар арвин их ургацтай, айл бүр санаа зовохгүй амьдараасай гэсэн сайхан ерөөлийг өргөж дэвшүүлж байна.
 
2015 онд манай аймаг “Иргэн таны төлөө” гэсэн гол уриатай ажиллаж байгаа. Энэ жил иргэддээ газар өмчлөх ажлыг дорвитой шийдвэрлэнэ. Ядаж хүн амынхаа 50 хувьд нь газар өмчлүүлчих юмсан гэж зорьж байна. Энэ дан ганц төрийн албанаас шалтгаалахгүй. Иргэд хүсэлтээ гаргах хэрэгтэй. Газраа сайн төлөвлөх хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засгийн эргэлт баталгааг нь хангахын тулд иргэдэд байгаа тэр боломж, өмч хөрөнгийг улсын бүртгэлд оруулж гэрчилгээжүүлэх, санхүүгийн эх үүсвэр олоход ашиглах энэ боломжийг бүрдүүлэх зорилттой ажиллаж байна. Үйлдвэрлэгч хүмүүсээ дэмжих тэдний үйл ажиллагааг тогтвортой байлгахад хамтарч голлож анхаарч ажиллана.