Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:
 
 
ЭНЭ АРГА ХЭМЖЭЭГ Л БИД НАР ЭДИЙН ЗАСАГЖУУЛАХ ХЭРЭГТЭЙ
 
 
Энэ жилийн “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр, олны талархалыг хүлээсэн сайхан арга хэмжээ болж байна. Амарбаясгалан хийд дээр зохион байгуулах санааг хэрхэн гаргасан бэ? Ямар үр дүнг хүлээж байна вэ?
 
Энэ олон хүн цуглаж байгаа боломжийг бид ашиглах ёстой. Ерөнхийдөө энэ зан үйл нь сүсэг бишрэлийн, итгэл үнэмшлийн их том арга хэмжээ учраас өмнөх жилүүдэд ингэж холбоё гэж боддоггүй байсан. Сүүлийн жилүүдэд аймгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ямар л боломж байна түүнийг ашиглая гэж зорьж байгааг та бүхэн мэдэж байгаа.
 
Бид нар өнгөрсөн жил энэ жилийнхээ ажлыг төлөвлөж байхдаа Амарбаясгалант хийдийн бумбаны баярыг Сэлэнгэ аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулах, дэмжих бодлоготой холбохоор шйидвэрлэсэн. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө тавьсан. Арга хэмжээ сайхан болж байна. Энд ганц л зорилго байгаа. Сэлэнгэд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Энэ бүтээгдэхүүн цэвэр юм байна, Амттай юм байна гэдгийг олон нийтэд үзүүлэх, таниулах, сурталчилах. Энэ бүхний дараа хүмүүс Амарбаясгалант хийд дээр ирэхдээ янз янзын юм аваад яахав, Сэлэнгийнхэний хийсэн тийм гоё бүтээгдэхүүн ирдэг, жимсний дармалынхаа бүтэн жилийн хэрэгцээг тэндээс авъя, зөгийн балаа авъя гэх зэргээр боломжийг ашиглаж эхэлнэ.
 
 
Хийд дээр жилдээ дундажаар 7-8 мянган авто машин, 30-40 орчим мянган хүн цугладаг гэж хамба лам хэлж байна. Энэ бол манай Сэлэнгэчүүдэд маш өргөн боломж. Энэ арга хэмжээг л бид нар эдийн засагжуулах хэрэгтэй. Урьд нь Дархан, Эрдэнэтийнхэн худалдаа үйлчилгээгээ явуулж, манайхан өөрсдөө худалдан авагч болчихсон байдаг байсан. Энэ жил бид нар Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга нарт албан тоот явуулсан. Энэ жил Сэлэнгэчүүд өөрсдөө бараа бүтээгдэхүүний үйлчилгээгээ явуулна аа гэж. Өнөөдрийн нийт худалдаа үйлчилгээний 10 орчим хувь нь Дархан, Эрдэнэтийнхэн байна. Хойтон жилээс бид өөрсдийнхөө үйлдвэрлэгчдийг 100 хувь байлгана. Цагдаа, мэргэжлийн хяналтыг нэг их дэглэм журам болоод байхаасаа илүүтэй нөхцөл байдлыг нь сайн хангаад өг. Хүмүүст тусламж дэмжлэг өгөх, яавал айж цочихгүй сандарч мэгдэхгүй байхав гэдэг талаас нь зохион байгуулалттай ажиллах үүрэг өгсөн. Тэр ч утгаараа ажиллалаа.
 
Үйлдвэрлэл эрхлэгчидээ хэрхэн дэмжиж оролцуулж байна вэ?
 
Энэ жилийн хувьд зохион байгуулалтын арга хэмжээг тэр чигээр нь аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгийг нь гаргасан. Сум бүрт 1-2 авто тээврийн хэрэгслийн шатахууныг өгсөн. Манай аймгийн бүх сумд ирчихсэн, манай суманд ийм бараа бүтээгдэхүүн, зах зээл байна гээд сумаа сурталчилж байна. Цаашид бид маш ойлгомжтой төлөвлөлт хийх хэрэгтэй юм байна гэж харлаа. Тиймээс хойтонгийн хөрөнгө оруулалтыг тэгж нарийвчлан төлөвлөнө. Энэ бол Сэлэнгэчүүдийн хувьд маш өргөн боломж. Одоо энд хүүхдийн тоглоомын талбай байна. Гэр буудлууд ажиллаж байна. Үйлчилгээний цэгүүд шинэ хүнсээр хоолоо бэлтгэн борлуулж байна. Хийдрүү орж ирэх замын хоёр талд коридор гаргаад манай аймгийн баялаг бүтээгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Малчид маань голоо дагаад тойроод буучихсан орчин тойрон үнэхээр сайхан байна.