Аймгийн Засаг даргын Зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

 

Энэ удаагийн хуралдаанаар 4 асуудлыг авч хэлэлцлээ.
 
1.“Шилэн данс”-ны тухай хуулийн хэрэгжилт, явцын мэдээллийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс хийлээ. Оны эхнээс мөрдөж эхэлсэн хуулийг хэрэгжүүлж ажиллахад одоогоор хүндрэл бэрхшээлтэй асуудал гараагүй. Программын алдаанаас болоод зарим байгууллага цэсэнд эхнээсээ суугдаагүй байгааг дээд шатны холбогдох газарт мэдээллээд хүлээгдэж байгааг танилцуулсан. Аймгийн Засаг дарга хугацаанд нь мэдээллээ байршуулж, байгууллагуудыг бүртгэлжүүлэн хяналт тавьж, өндөр хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо.
 
2.Сурлага, урлаг, спортын амжилт гаргасан оюутнуудад олгодог аймгийн Засаг даргын нэрэмжит урамшуулалд хамрагдахаар ирүүлсэн оюутнуудын материалыг хэлэлцэн 20 оюутанд урамшуулал олгохоор зөвлөлийн гишүүд дэмжлээ.
 
3.Шинээр ажлын байр бий болгож тогтвортой хадгалсан “Шилдэг сум, аж ахуйн нэгж байгууллага, иргэн” шалгаруулах журмын дагуу сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр шалгаруулахаар ирүүлсэн материалыг хэлэлцээд 1 сум, 2 аж ахуйн нэгж, 2 иргэнийг урамшуулахаар зөвлөлийн хурлаас шийдвэрлэлээ.
 
4.Өвөлжилтийн байдлын талаарх цаг үеийн мэдээллийг Хөгжлийн бодлогын хэлтсээс танилцууллаа. Манай аймаг 2014-2015 оны өвөл, хаварт 7400 малчин болон мал бүхий өрхийн 1,3 сая малыг өвөлжүүлж, хаваржуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Нийт малын 94 хувь нь хол ойрын оторт явж, 96 хувь нь дунд, дундаас дээш тарга хүч авсан бөгөөд 166680 тонн хадлан бэлтгээд байгаа. Аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц 110 тонн өвс, 90 тонн тэжээлтэй, уст цэгийн хүрэлцээ хангамж хангалттай байна. 12 сарын сүүлээр 3 удаагийн давтамжтай орсон цас Сүхбаатар, Алтанбулаг, Хушаат, Зүүнбүрэн, Хушаат сумдын нутгаар талдаа 18-20 см, уулархаг нутгаар 55-60 см байгаа ч одоогоор мал өвөлжилтөнд хүндрэл бэрхшээл гараагүй байна. Харин Шаамар сумын Охь-Хөндий, Нарсан сүүл, Хүрэн шанд, Хушаат сумын Ар-тойлбо зэрэг газраар цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан тул туулах чадвар сайтай зүтгэх хүчээр зам харгуй гаргах ажлыг зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөв. Аймгийн Засаг даргаас 2013 онд бэлтгэсэн нөөцөд байгаа өвс, тэжээлийн чанар байдлыг нягтлан шалгаж, үнийн саналаа танлцуулан, хямдаар малчдад олгохыг ҮХААГ-ын дарга Х.Даваахүүд, “Рэдхил Монголия”ХХК-тай байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээнд хяналт тавьж ажиллахыг аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ХБХ-ийн дарга Ч.Дэмбэрэлсайхан нарт үүрэг болголоо.