Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13-р хуралдаан болов

 

Энэ удаагийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

1.Хөрсний үржил шимийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Сайхан,      Жавхлант сумын Засаг дарга нарын сонсгол.

2. Сэлэнгэ аймгийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийн тухай Баруунбүрэн, Орхонтуул, Цагааннуур сумын Засаг дарга нарын сонсгол.

3. Улаан буудайн хатуу үр үржүүлэх журмын төсөл.

4. Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл.

5. “Багшсолилцоо”, “Сурагч солилцоо” хөтөлбөрүүдийн төсөл.

6. Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний биелэлтийн явц.

зэрэг асуудлуудыг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргалаа.

Эхний асуудлын хувьд хөрсний үржил хамгаалах талаар аймгийн Засаг даргын албан даалгавар гаргахаар шийдвэрлэж, дээрх сумдын Хөдөө аж ахуйн тасгуудад газар тариалангийн талбайн түүхийг бүх талбайнуудад бичиж байх үүрэг даалгаврыг өглөө. Мөн багийн Засаг дарга нарт хөрсний үржил шимийг хамгаалах үүрэг даалгаврыг өгч биелэлтийг тооцон ажиллах, хөрсний харьцуулсан судалгаа гаргахыг тус тус үүрэг болголоо.

Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бодлого чиглэлийн талаарх сонсголыг авч хэлэлцээд цаашид нутгийн үүлдрийн малыг цөөрүүлж, шилмэл үүлдрийн мал бүхий эрчимжсэн аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах, мал аж ахуй, газар тариалангийн хосолмол хөгжлийг хангаж ажиллах, багийн Засаг дарга нарын зүгээс бэлчээрийн хуваарилалтыг зөв зохион байгуулан эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар тодорхой чиглэл баримталж ажиллахыг даалгасан байна.

Улаан буудайн хатуу үр үржүүлэх журмын төслийг боловсруулах үндсэн зорилго нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу улсын төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн 14.5 тн хатуу үрийг эдийн засгийн хувьд бэхэжсэн аж ахуйн нэгжүүдэд өгч тариулан үрийн нөөцийг 2 дахин нэмэгдүүлж авахад оршиж байна. Энэ нь хатуу буудай буюу 30-аас дээш хувийн цавуулагтай “Сибирийн сувд” цэвэр элит үрийн сорт юм байна. Энэ төрлийн буудайг социализмын үед тарьж байсан бөгөөд 1999 оноос хойш тариалах ажил нь зогссон байсныг сэргээхэд энэ журмын бас нэг зорилго оршиж байна. Ингээд зөвлөлөөс хатуу үр үржүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хоорондын харилцан түншлэл дээр явуулаад тэдний хүлээх үүргийг тодорхой тусгасантөслийг буцааж дахин боловсруулж танилцуулахаар тогтов.

Багшийн болон сурагчийн солилцоо хөтөлбөрүүдийн төслийг хэлэлцээд эдгээрийг нэгтгэн “Багш, сурагчийн солилцоо” хөтөлбөр болгон нэгтгэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ хөтөлбөрт хүүхдийн аюулгүй байдлыг хангах заалтыг нэмж тусгах, санхүүжилтийг шийдвэрлэх хэлбэрийг тодорхой болгох, энэ чиглэлээр хийж байгаа ажлын судалгаагүндэслэх зэрэг чиглэлийг өгсөн байна.

Усны нөөц ашигласны төлбөрийн орлогын бүрдүүлж байгаа талаар аймгийн БОАЖГ-аас танилцуулсан мэдээллийг сонсоод хууль бусаар ус ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хохирлыг бүрэн барагдуулах арга хэмжээ авах, усны төлбөр төлөөгүй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн барагдуулах талаар албан шаардлага хүргүүлэхийг зөвлөлийн хуралдаанаас үүрэг болголоо.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх эхний 9 сарын тайланг сонсоод 12 дугаар сард жилийн эцсийн байдлаар гаргаж дахин танилцуулахыг үүрэг болголоо.

Хуралдаанаас аймгийн Засаг даргын зөвлөлийн дараагийн хуралдааныг Сайхан суманд зохион байгуулж, энэ хуралдаанаар “Багийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилт,аймгаас батлан гаргасан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаарх Орхон бүсийн сумдын мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн.

ТӨРИЙН ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС