Аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан анх удаа суманд боллоо

 

Тус өргөтгөсөн хуралдаанаар Сайхан сумын цаг үеийн мэдээллийг Сайхан сумын Засаг дарга С.Энхтайван сонсгож, “Багийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай Орхон бүсийн сумдын багийн Засаг дарга нар мэдээлэл хийлээ. Мөн Сэлэнгэ аймгийн эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутагт баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийн тухай Орхон бүсийн сумдын Засаг дарга нарын илтгэл, Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Сайхан сумын ЗДТГ-ын мэдээлэл, Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн ус ашигласны төлбөр тооцооны талаарх мэдээллүүдийг сонсож хэлэлцлээ.
 
 
Хуралдаанд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж, Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Отгонжаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Батсайхан, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан болон аймгийн Хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.
 
 
Орхон бүсийн сумдын Засаг дарга болон, багийн засаг дарга нарын мэдээллийг сонссоны дараа аймгийн дарга “Зарим сумд одоо болтол Багийн Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулаагүй байна. Үүнийг даруй хуралдуулах, хууль эрх зүйн мэдээллийг иргэдэд хүргэх, хөрөнгө оруулалтыг зөв шийдвэрлэх, малын хулгайтай тэмцэх ажлыг зохион байгуулах, орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хоршин гаргах, ядуурлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажлуудын мэдээллийг дахин 12-р сард сонсох үүргийг өгсөн. Мөн түр болон байнгын ажлын байрыг бий болгосон, түүнчлэн сайн үлгэр дууриал болсон ажлыг нэвтрүүлэн ажиллахыг зөвлөж, дээрх сумдын Засаг дарга нарын мэдээллийг 2016 онд дахин сонсохоор болсон. Мөн хуралдаанаар Сэлэнгэ аймгийн эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутагт баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийн тухай Орхон бүсийн сумдын Засаг дарга нарын илтгэлийг сонсоод малчид, тариаланчдын зохицлыг хангах журамд заасан эрх үүргийг хүргүүлж ажиллах, 500 га хүртэлх талбайд хамгаалалт хийгээгүй аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, эрх бүхий байгууллагаас энэ өвөлдөө багтаж малчид, мал бүхий иргэдэд тодруулах арга хэмжээний тухай сурталчлах, бэлчээр зааж өгөх, малаа зориуд тариан талбай руу оруулбал багийн засаг дарга нарт хариуцлага тооцон ажиллах талаар сануулга өгсөн. Түүнчлэн Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэртэй холбоотой усны нөөц ашигласны төлбөр болох 60 сая 392194 мянган төгрөгийн өрийг тус компанийн төрийн мэдлийн хувьцааг худалдан авсан компанитай, төрийн өмчийн хорооны байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу 12-р сарын 15-ны дотор барагдуулан ажиллахыг Сайхан сумын Засаг дарга С.Энхтайванд үүрэг болгосон. “Иргэн таны төлөө” жилийн ажлын хүрээнд Сайхан сумын иргэдэд шинээр өмчлүүлсэн газар, гэрчилгээ олгосон байдлын мэдээллийг 12-р сарын хуралдаанаар дахин сонсохоор боллоо. Мөн хуралдааны үеэр Номгон тосгонд түргэн тусламжийн машин олгох асуудлыг дэмжихээ аймгийн дарга хэлсэн.
 
 
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал анх удаа бүсийн сумдын дунд хөдөөд зохион байгуулагдлаа. Энэ нь асуудлыг газар дээр нь, мэддэг хүмүүсийнх нь дунд шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйгаараа давуу байлаа. Дараагийн хурал Бэлчирийн бүсийн сумдыг хамруулан Цагааннуур суманд зохион байгуулагдахаар товлогдсон.