АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаан боллоо. Өргөтгөсөн хуралдаанд 17 сум, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд, орон нутгийн өмчит газрууд, банкны төлөөлөл оролцлоо. Сум бүр 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа, тулгамдаж байгаа асуудлуудтайгаа танилцуулан, аймгийн удирдлагуудтай харилцан ярилцлаа. 2017-2018 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах аймгийн Засаг даргын албан даалгавар 06-р сарын 30-ны өдөр гарсан. Сумд энэхүү албан даалгаврын дагуу бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм. Энэ удаагийн өргөтгөсөн хуралдаан ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл, сурагчдын хичээлийн шинэ жил эхэлж байгаа зэрэг цаг үеийн асуудлууд тулж ирсэн цаг хугацаанд болсноороо онцлог. Манай аймгийн сумдын хувьд зуншлага харилцан адилгүй байснаас зарим сумд хадлан тэжээлээ бэлтгэх боломжгүй болсон, ургацаа их бага хэмжээгээр алдаж байгаа, халаалт дулаан зэрэг тулгамдсан асуудлууд байна. Аймгийн Засаг дарга сум бүрийн тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн сонсож холбогдох арга хэмжээг авч шийдвэрлэхээр болов. Хадлан бэлтгэх боломжгүй болсон сумдыг Хушаат, Түшиг, Ерөө болон бусад боломжит сумдаас бэлтгүүлэхээр болж, хадлангийн талбайг тэгш хүртээмжтэй хуваарилахыг ХХААГ-т, хяналт тавьж ажиллахыг МХГ, ГХБХБГазарт үүрэг болголоо. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хатуухан өвөл болох төлөвтэй байгаа тул сум бүр бие биендээ тусалж, нэгнээ гэсэн сэтгэлтэй нэгдмэл нэг баг байх учиртайг аймгийн дарга чухалчиллаа. Мөн бизнесийн зориулттай, бусад аймгийн иргэдийн хадлан бэлтгэх хүсэлтийг өөрийн аймгийн сумдын дараа шийдвэрлэх ёстойг хатуу анхаарууллаа. Аймгийн Засаг даргаас сумдын дарга нарт хамгийн түрүүнд “Хүнээ бодож сэтгэлтэй, зүтгэлтэй, хариуцлагатай” ажиллахыг, шинэ ажлын байр нэмэгдүүлж, ажилгүйдлыг бууруулах тал дээр үр бүтээлтэй ажиллахыг онцгойлон сануулж, цаг баримтлал, хууль дүрмийн хэрэгжилт, мэдээ мэдээллийн хүртээмж зэрэг хэд хэдэн чиглэлд анхаарч ажиллахыг зөвлөлөө.