- Аймгийн тухай
- Удирдлага
- ТАЗС зөвлөл
- Мэдээ
- Нийгэм, э/з
- Ил тод байдал
- Шилэн данс
- Нээлттэй аймаг
Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын цогцолбор “ДӨЛ-2017” тэмцээн 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хүүхэд багачуудад эх оронч сэтгэлгээг төлөвшүүлж, бие бялдар, сэтгэл санааны хатуужлыг суулган, авхаалж самбаа хурд хүч, оюун ухааныг нь тэлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “ДӨЛ” тэмцээнийг зохион байгуулдаг билээ. 3 дахь жилдээ зохион байгуулагдсан “ДӨЛ” тэмцээнд Сүхбаатар, Сайхан, Мандал, Баянгол, Хүдэр, Жавхлант, Цагааннуур сумдын нийт 12 багийн тамирчид Гарааны өмнөх ажиллагаа, “Энхийн төлөө” марш гүйлт гэсэн хоёр үндсэн чиглэлд зохион байгуулагдсан тэмцээнүүдээр өрсөлдөв. Гарааны өмнөх ажиллагаанд: Дасгалжуулагч багшийн тэмцээн, Жагсаалын үзүүлэх тоглолт, Цэргийн 1,2,3 дугаар 16 тоот дасгал, Тасгийн захирагчийн тэмцээн, Урлагийн номер, Ханын сонин, Үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл зэрэг тэмцээн явагдлаа. “Энхийн төлөө” марш гүйлтийн үеэр Гранат шидэлт, Галын бэлтгэлийн норматив, Ерөнхий цэргийн тактикийн ажиллагаа, Хөнөөлийн голомт, Газ эсэргүүцэгч өмсөх, хордсон газар орныг туулах зэрэг тэмцээнүүд болов. Энэ жилийн тэмцээнийг Дархан-Уул аймгийн 330 дугаар ангийн офицер ахлагчдаас бүрдсэн мэргэжлийн шүүгчид аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүний хамт шүүн явуулсан юм. Ийнхүү сурагчид 12 төрлийн тэмцээн уралдаанаар 2 өдрийн турш өрсөлдсөнөөс Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Соёмбо” тасаг тэргүүн байрт шалгарч, улсын аваргад оролцох эрхээ авлаа. Удаах байруудад Сүхбаатар сумын 5 дугаар сургууль, Мандал сумын 3 дугаар сургуулийн багууд шалгарав. Улсын аваргын тэмцээн 09-р сарын 18-22-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Сайхан сумын хүүхдүүддээ улсын аваргад амжилттай оролцохыг хүсье.