АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ж.САЙНЦОГ ОРХОН СУМАНД АЖИЛЛАЛАА

Өнөөдөр ард иргэддээ хүрч үйлчлэх, тэднийхээ дуу хоолойг сонсож ажил арга хэмжээндээ тусгах, хийж хэрэгжүүлсэн, хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнан санал бодлоо хуваалцах үндсэн зорилготой арга хэмжээ Орхон сумаар үргэлжиллээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Орхон суманд ажиллаж “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийг тус суманд хийж, ард иргэдтэй уулзан санал бодлыг нь сонслоо.

Орхончууд  соёлын төвийн засвар, төмс хүнсний ногооны борлуулалт, сумын эргэлтийн эмийн сангийн хангамж, эмч эмнэлгийн ажиллагсадыг чадавжуулах, түлээний хэрэглээний модны гоожингийн асуудал, газар олголтын асуудал зэрэг өөрсдийн амьдрал ахуйдаа тулгамддаг асуудлуудаа хэлж байв. Мөн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эмч эмнэлгийн ажилчдын баг орон нутаг нь ирж 3 хоногийн турш үйлчлэх болсонд талархалтай байсан юм. Аймгийн Засаг даргын орлогчийг эрүүл мэнд, онцгой байдал, газар, байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэргэжлийн хяналтын газрын дарга, мэргэжилтнүүд, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дагалдан явлаа.