АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдлагууд оролцлоо. Хурлын эхэнд байгууллага тус бүр хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж мэдээлэл өгөв. Энэхүү арга хэмжээ нь аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас сар тутам зохион байгуулж байгаа ажлаа ярилцдаг, харилцан мэдээлэл авдаг, анхаарах асуудал, зорилго чиглэлээ тодотгодог арга хэмжээ юм.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил:- “Өнөөдөр төрийн албан хаагчдын сахилга хариуцлагын асуудлыг ярилаа. Бид төрийн албан хаагчдын нэр хүндийг өндөрт өргөж явах учиртай. Тиймээс аймгийн ЗДТГ-аас ажлын хэсгийг гаргасан. Салбар бүрийн боловсон хүчний судалгааг гаргах ийм ажлын хэсэг. Өнөөдөр сургуулиа төгсөж байгаа хэдэн залуучууд байна, төгсчихсөн нь хэд байна гэдгийг тогтооно. Тухайн ажил мэргэжил дээр тэнцэх хичнээн хүн байна гэдэг аймгийн хэмжээний судалгааг гаргана.

Судалгааг гаргачихаад бүх байгууллагуудынхаа мэдээллийн самбар дээр байршуулна. Одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчид хэн нэгэн иргэн орж ирэхэд өмнөөс нь бөхөлзөөд угтаж авдаггүй юмаа гэхэд хүндэтгэлтэй хандаж, уулзах хүнтэй нь холбоод өгчихдөг сэтгэлтэй байх хэрэгтэй. Би үүнийг л хүсч байгаа. Тийм учраас боловсон хүчний судалгааг ил тод байлгана. Ямар нэг гомдол саналд ороход нь байгаа хүн нь ажлыг нь авдаг гэдгийг ойлгуулж иргэддээ нээлттэй байлгахыг зорьж байна. Ингэж байж төрийн албаны нэр хүнд өсөх, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэх учиртай. Энэ бол аймгаас барьж байгаа бодлого бас чиглэл. Төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх энэ чиглэлд цаашид дорвитой бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэлээ. Ийнхүү энэ удаагийн өргөтгөсөн хуралдаанаар даргаасаа цэрэг хүртэл хариуцлагатай, хяналттай, ажилдаа сэтгэлтэй ажиллахыг аймгийн Засаг даргаас онцгойлон анхаарууллаа.