Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа 2011 оны 4-р сарын 14, Пүрэв гариг, 16:16

 

Энэ сарын эхээр Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад Улсын Засгийн газар хооронд 2011-2012 онд нийгэм, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо боллоо.
 
Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Буриад Улсын Ерөнхийлөгч болон зарим холбогдох яамдын Сайд нартай уулзаж, хэд хэдэн асуудлаар онцлон ярилцсан байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл зааж сургахад хамтран ажиллах, хоёр орны эмч, мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлуулах, Сэлэнгэ аймгаас Буриад Улсад мал экспортлоход гардаг хүндрэлтэй асуудал болох Оросын талаас хийгддэг мал эмнэлгийн шинжилгээ, оношилгооны хугацааг богино болгох, “Хиагт” дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-д зорчиж байгаа иргэдийг хүндрэл, ачаалал багатайгаар нэвтрүүлэх, ОХУ-аас импортлож байгаа зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг Наушки боомт дээр очиж хийдэг хүндрэлийг арилгуулах, Түшиг сумын нутаг дэвсгэрт орших “Улаан Овоо” нүүрсний уурхайгаас ОХУ-ын Буриад Улсад нүүрс экспортлоход тулгамдаж байгаа асуудал болох Зэлтэр-Желтура боомтыг байнгын ажиллагаатай болох хүртэлх хугацаанд түр боомтыг нээн ажиллуулах талаар ярилцсан байна. Буриад Улсын Ерөнхийлөгч асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдсэн байна.