Энэ оны анхны “Нээлттэй хаалганы өдөр” аймгийн баруун таван суманд зохион байгуулагдлаа

 

Аймгийн Засаг даргын Тамгын газраас 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ энэ сарын 2-8-ны өдрүүдэд Сайхан сум, Номгон тосгон, Орхон, Сант, Баруунбүрэн, Орхонтуул сум, Номгон тосгонд амжилттай зохион байгуулагдлаа. Давхардсан тоогоор 2500 гаруй иргэнд төрийн үйлчилгээг 13 чиглэлээр үзүүүлснээс гадна аймгийн ЭМГ-аас 20 гаруй нарийн мэргэжлийн эмч, сувилагчдыг баг болгон гаргаж, хамгийн сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмж, оношлогооны аппаратаар үйлчилгээ үзүүлж, 4000 гаруй иргэнийг үзэж, зөвлөгөө өгсөн нь иргэдийн талархлыг хүлээв. Сумын иргэд эмч нарын сургаар өглөөний 6 цаг гэхэд аль хэдий нь дугаараа аваад зогссон байсан. Харин манай эмч нар уртасгасан цагаар ажиллаж, ядарсан ч гэлээ сүүлийн хүнээ үзэж үдшийн бүрий болтол ажиллаж байсан.
 
Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат дээрх сум, тосгонд ажиллахдаа сумдын бүтээн байгуулалтын ажил болон цаг үеийн ажлын явцтай танилцаж, малчид, ногоочид, өрхийн аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, аж ахуйн нэгжүүдээр орж тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж явлаа. Тухайлбал дээрх сум, тосгоны эмнэлгүүдэд эхоны аппарат олгох, соёлын төвүүдийн тохижилтонд дэмжлэг үзүүлэх, Сайхан сумын гал унтраах ангид хэрэгцээтэй байгаа хоёр машины асуудлыг шийдвэрлэх, Цагдаагийн тасгийн тохижилтонд нь 5 сая төгрөг олгох, Хөтөлийн соёлын төвд үзэгчдийн сандал олгох, Орхонтуул сумын сургуулийн дотуур байрыг засварлахаар болсон. Мөн Орхон сумын эмнэлэгт шарлагын аппарат олгосноос гадна сургуулийн засварын ажлыг шийдэх, сурагчдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг тооцоо, төсвөө гаргаад ирвэл дэмжих гээд олон асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон.
 
Аль ч суманд очсон аймгийн Засаг даргын хэлснээр иргэдтэй уулзаж явахад асуудал тоочдог хүний тоо цөөрч, улам л ажил хэрэгч санал гардаг болсон байна. Хот орчноо ногоон төгөл болгое, замаа засья, замын хурд тохируулагч тавьж өгөөч, ногооны газраа томсгое, төсөл бичих зөвлөгөө өгөөч, техник тоног төхөөрөмж авая зээлийн ямар нөхцөл байна, цахилгаанаа найдвартай болгоход дэмжлэг үзүүлээч гээд л. Засаг даргын иргэдтэй уулзах уулзалтаас ажиглаж байхад өндөр настангууд тэтгэврээ нэмүүлэх, ахмадын сувилалд хамрагдах хүсэлтэй байхад, ихэнх иргэд сумын эмнэлгийн үйлчилгээнд сэтгэл дундуур байдаг, сургууль, цэцэрлэгийн халаалт хангалтгүй байгаа, эх орны хишгийг зөв зохистой ашиглахгүй архидалт болгоод байгаа, гэмт хэрэг зөрчил буурахгүй байгаа зэрэг нийтлэг дутагдал байгаа нь харагдсан.
 
Засаг дарга очсон сум, тосгоны Тамгын газарт нь канон, факсын аппарат, принтер, сургуульд нь Боловсролын Яамнаас төслөөр ирсэн багш нарын болон, 5-р ангийн сурагчдад зориулсан нөөтбүүк, электрон самбар гээд ажлын хэрэгцээнд зориулсан сайхан бэлэгтэй очсон. Сонирхуулахад, Орхон сумын Засаг дарга Булганчимэг сумын иргэдтэй уулзсан уулзалтын дараа аймгийн Засаг даргад аймгийнхаа 80 жилийн ойд зориулан сумын төр, төсвийн албан хаагчид нэг өдрийн цалин болох нэг сая төгрөг хандивлаж байгаагаа хэлээд алд цагаан хадагтай өргөн барьсан.
 
“Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтэс 160 гаруй иргэнд үйлчилж, 98 иргэнд хуулийн зөвлөгөө өгсөн бол Нийгмийн даатгалын төлөөлөгч 129 хүний хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг шалган зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, иргэдийн нэрийн данс, нийгмийн даатгалын хуулийн талаар зөвлөгөө өгсөн байна. Аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тэр дундаа Эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгч нилээдгүй ачаалалтай ажиллаж, иргэний ХААТР маягтыг нөхөн бичүүлэх,улсын нэгдсэн санд төрөлт нь бүртгэгдээгүй 27 иргэний төрөлтийн материалыг нөхөн бичүүлэх, үл хөдлөх хөрөнгийн анхны бүртгэл хийх, хамтран өмчлөгч өөрчлөгдсөн зэрэг 231 мэдүүлэг хүлээн авч, давхардсан тоогоор 380 гаруй иргэнд зөвлөгөө өгсөн байна. Газрын харилцаа,барилга хот байгуулалтын газар, Хүнс хөдөө аж ахуй,жижиг дунд үйлдвэрийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёлын газар, Биеийн тамир спортын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүүхдийн төлөө хэлтэс, Тээвэр авто замын газрын ажилтнууд ажил үүргээ амжилттай биелүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь шуурхай хүргэж ажиллалаа.
 
Цастай, бороотой хаврын энэ л өдрүүдэд энэ оны анхны “Нээлттэй хаалганы өдөр” ийнхүү 7 хоног үргэлжилж, иргэдийн талархлыг хүлээж, хүсэн хүлээдэг болсон үйлчилгээг нь хүргээд ирлээ. Удахгүй хоёр дахь ээлж замд гарнаа.