“Нээлттэй хаалганы өдөр”-Рашаант тосгонд

 

10-р сарын 09-ний өдөр Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулан явуулж байгаа “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээ Орхонтуул сумын 1-р баг Рашаант тосгонд явагдлаа. “Рашаант” тосгоны 1-р баг 473 өрх, 1742 хүн амтай. Нийт өрхийн 114 нь малчин өрх, үлдсэн 240 өрх нь мал бүхий иргэд амьдардаг ба 56 мянган толгой мал нутагладаг. Энд төсвийн болоод төмөр замын гурван байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Ингээд тус тосгоны захирагч Б.Мөнхбатын яриаг хүргэе.
 
 
Танайханы өвөлжилтийн бэлтгэл хангадсан уу?
 
Тосгон маань өдрөөс өдөрт хөгжиж,  хүмүүсийн амьдрал улам бүр дээшилж байна. Манай тосгонд эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэсэн төсвийн гурван байгууллага, төмөр замын цэцэрлэг, хэсэг, орон сууц гэсэн мөн гурван байгууллага, үр тарианы 8 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ жил аж ахуйн нэгжүүдийн хувьд 3380 га-д улаанбуудай тариалж, 2709 тн-ийг, 580 га-д рапс тариалж, 270 орчим тн-ийг хураасан. Байгалийн хүчин зүйлийн улмаас зуны мөндөрт 380 га талбайн ургацаа алдсан. Төсвийн байгууллагууд маань дулаалгаа хийж, иргэд түлш түлээгээ бэлтгэж байна.
 
 
-Танай иргэдийн хувьд амьжиргааны эх үүсвэр юу байдаг вэ?
 
Манай 1-р багийн иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр бол хадлан өвс байдаг. Бизнесийн 20, ахуйн 40-өөд хадлангийн бригад ажилладаг. Тэд маань хадсан өвсөө гадагш нь зарж борлуулан гэр бүлээ тэжээж, амьжиргаагаа авч явдаг. Энэ жилийн хувьд бизнесийн бригад 320 тн, ахуйн бригад 140 тн өвс бэлтгэсэн. Ерөнхийдөө хадлангийн ажил бүрэн дууссан.
 
-Сум бүр сум хөгжүүлэх сангийн зээлийг иргэддээ олгодог. Танай сумын хувьд энэ зээлийг иргэддээ хүртээмжтэй олгож чадаж байна уу?
 
Манай тосгоны 12 иргэн, 50 сая төгрөгийн зээлд хамрагдсан. Энэ жил орон нутгийн хөгжлийн сангаас манай Орхонтуул суманд 280 сая төгрөг хуваарилагдан ирсэн. Үүний 132.5 сая нь манай тосгонд зориулагдаж байгаа.
 
-Тосгонд бүтээн байгуулалтын ажлын талаар...?
 
Бид тосгондоо ахмадын байр, худалдааны төв, халуун ус барьж байгуулахаар төсвийн хөрөнгөөр 70 сая төгрөгийн бүтээн байгуулалтын их ажлыг хийж байна. Мөн худаг усны асуудлыг сайжруулах үүднээс төвдөө нэг, бэлчээрт нэг худаг барьсан. Бэлчээрийн худаг маань одоо тун удахгүй ашиглалтанд орно. Төвийн худаг ашиглалтанд орсон.