“Зөвлөн туслах” үйлчилгээ Шаамар суманд

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нутгийн захиргааны байгууллагуудад “Зөвлөн туслах” үйлчилгээг үзүүлэх ажлын хэсгийг байгуулан сумдад ажиллаж эхэлсэн. Дээрх үйлчилгээг энэ сарын 10-ны өдөр Шаамар сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн байгууллагуудад үзүүллээ. Энэхүү үйлчилгээ нь нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээ ямар нэг чирэгдэлгүй хөнгөн шуурхай, иргэдэд тэгш хүртээмжэй хүрэх зорилгыг агуулж байгаа. Мөн төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажилдаа хандах хандлага, хариуцлагыг сайжруулах үндсэн чиг үүрэгтэй. Ажлын хэсгийн 11 мэргэжилтэн 22 асуудалаар, салбар, хүн нэг бүрээр үзэж танилцсан.
 
Иргэдийн оролцоотой ажлаа дүгнэдэг, төлөвлөдөг, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлэх хэрэгцээ шаардлагын дагуу иргэдийн хүсэж байгаа хэмжээнд төрийн албан хаагчид ажиллаж чадаж байна уу үгүй юу гэдэгтэй газар дээр нь танилцлаа.
 
Шаамар сумын хувьд аливаа ажлын төлөвлөлт онцлог байсан. Ер нь сайн гүйцэтгэлийн хамгийн гол үндэс нь төлөвлөлт. Сайн төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага хоёр нэгдэж байж эерэг үр дүн гардаг. Шаамарчууд аймаг, сумын зарласан жилийн төлөвлөлтийг орон нутгийнхаа онцлогийг харгалзан, өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан тусгасан нь онцлог бөгөөд давуу тал байлаа. Мөн төрийн албан хаагчдын хувийн хэргийн бүрдэлт цэгтэй байв. Багийн засаг дарга нар сумын Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь давуу тал байлаа. Сургуулийн зүгээс гадаад дотоод тохижилтыг маш сайн анхаарч ажилласан байсан.
 
Дээрх сайн талын зэрэгцээ дутагдал, анхаарах асуудлуудыг салбар, хүн нэг бүрээр гарган танилцуулсан. Төрийн захиргааны албан хаагчид болон төсөвт байгууллагын ажилчдад аймгийн Засаг даргын зөвлөлөөр орсон хугацаатай зөвлөмж хүрч, тэр дагуу ажил үйлчилгээгээ сайжруулах учиртай.
 
Аймгийн ЗДТГ-аас “Зөвлөн туслах” чиглэлээр Шаамар суманд 3 дахь удаагаа ажиллалаа. Үүний үр дүнд баримт бичгийн боловсруулалт, эмх цэгцэнд ахиж гарсан байна. Ажлын хэсгээс албан хаагчид ажлын байрны тодорхойлолтыг судалж өөрийн болгох тал дээр дутагдалтай байгаа, гарсан шийдвэрүүдтэй танилцахгүй байгаа байдал байсан тул цаашид улс, аймаг, сумаас дэвшүүлсэн зорилго, зорилтыг судалдаг, үйл ажиллагаандаа тусгадаг, шинээр гарсан шийдвэрүүдийг олж авах талаар онцгой анхаарч ажиллахыг анхааруулсан.
 
Сумын даргын зүгээс ажлын алдаа оноог олж харж зөвлөж тусалж байгаад талархан, энэ үйлчилгээг жилдээ нэг удаа авч баймаар байна гэлээ.