“Зөвлөн туслах” үйлчилгээ Дулаанхаан тосгонд

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 11-ний өдөр Шаамар сумын Дулаанхаан тосгонд “Зөвлөн туслах” үйлчилгээг үзүүллээ. Нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг ямар нэг чирэгдэлгүй хөнгөн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, төрийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, ажилдаа хандах хандлага, хариуцлагыг сайжруулах үндсэн чиг үүргийн хүрээнд дээрх ажил зохион байгуулагдаж байгаа. Иргэдийн оролцоотой ажлаа төлөвлөж, дүгнэж чадаж байна уу, иргэдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн төрийн үйлчилгээг үзүүлж чадаж байна уу үгүй юу гэдэгтэй ажлын хэсгийнхэн газар дээр нь танилцлаа. Мөн хүн нэг бүрийн баримт бичгийн бүрдүүлэлттэй танилцан алдаа дутагдал, анхаарах асуудлуудыг нь хэлж заавар, зөвлөгөө өглөө. Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар баталгаажсан “Зөвлөмж” хүн нэг бүрийн гар дээр очино. Тосгоны захирагчийн албаны албан хаагчидтай уулзсан уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч С.Отгонжаргал:-“Зөвлөмжид тусгасан өөрийн үйл ажиллагаатай холбоотой алдаа дутагдлаа сайжруулж, мөрдлөг болгон ажиллах тал дээр анхаараарай. Бид шалгаж, дарамталдаг бус зөвлөдөг, тусладаг, хугацаатай үүрэг даалгавар өгдөг, эргэж хариу тайлагнадаг, хүн нэг бүр өөрөө өөрийгөө хөгжүүлдэг, ажилдэа эзэн болдог байх зарчимыг барин ажиллаж байна” хэмээн хэлсэн.