Ерөө бүсийнхэн Жавхлант суманд

 

Ерөө бүсийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын уулзалт, сургалт Жавхлант суманд боллоо. Шинээр зохион байгуулсан ажил үйлчилгээ, тэргүүн туршлагаасаа хуваалцан, сум орон нутгаараа, Ерөө бүсээрээ аймагтаа манлайлах эрхэм зорилго бүхий энэхүү уулзалтаар дан ганц ажил яриад зогсохгүй, урлаг, спортын олон төрлөөр авхаалж самбаагаа ч бас давхар сорьцгоосон. Энэ удаагийн уулзалт сургалтанд Хүдэр, Ерөө, Бугант, Жавхлант сумдын төрийн захиргааны байгууллагын 100 орчим албан хаагчид хамрагдлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Ч.Даваадорж “Ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх нь”, Төрийн захиргааны, удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ган-Отгон “Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээнд орсон өөрчлөлт”, Архивын тасгийн мэргэжилтэн Д.Мөнхцэцэг “Захирамжлалын баримт бичгийн стандарчилал”-ын талаар тус тус лекц орж, оролцогчдын асууж тодруулсан асуултуудад хариулт өглөө.