Цэвэрхэн ЭКО “Зүүнхараа хот” бүтээлч үйлсийн аян эхэллээ

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, 3 дугаар сургууль байгуулагдсаны 40 жилийн ойн хүрээнд аймгийн анхны ЭКО сургууль болох Мандал сумын 3 дугаар сургуулийн “ЭКО” зөвлөлөөс санаачлан цэвэрхэн ЭКО “Зүүнхараа хот” бүтээлч үйлсийн сарын аяныг энэ сарын 19-ны өдөр эхлүүлээ. Аяны хамтран зохион байгуулагчаар МУ-ын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат, сумын ЗДТГ, Хот тохижуулах газар ажиллаж байна. Аяны хүрээнд:
 
1.”Хараа голоо аваръя” цэвэрлэгээ
 
2.Хог хаягдлаар хэрхэн бүтээл хийх вэ уралдаан
 
3.Иргэн бүр 1м2 мод тарих аян
 
4.Ногоон хөгжил сургалт зохион байгуулагдах юм байна. Мандал сумын 3 дугаар сургуулийн ЭКО зөвлөл нь 42 сурагчтай. Цэвэрхэн ЭКО “Зүүнхараа хот” бүтээлч үйлсийн сарын аяны нээлтэнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нар оролцож, байгаль эхээ хайрлан хамгаалсан сайн үйлсийг зохион байгуулан, санаачлагатай ажиллаж байгаа хүүхдүүддээ амжилт хүслээ. ЭКО зөвлөлийн хүүхдүүд энэ өдөр “Хараа голоо аваръя” цэвэрлэгээг хийж 5 портер хогийг татан зайлуулсан байна. Нээлтэнд оролцсон зочид ч цэвэрхэн ЭКО Зүүнхараа хотод хувь нэмрээ оруулан мод тарьцгаалаа.