ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГ ДОРООС ХҮРГЭЛЭЭ

Төрийн үйлчилгээ цаг ямагт нээлттэй хаалгатай газар байдгаараа онцлогтой.

Өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд төрийн үйлчилгээ үзүүлэгч бүх байгууллагууд нэг дор цугларч иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг зардал чирэгдэлгүй нэг дороос хүргэсэн “Ээлтэй үйлчилгээг иргэн танд” нээлттэй хаалганы өдөрлөг, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” гэсэн хоёр өдөрлөг хамтдаа зохион байгуулагдлаа.


Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар өдөрлөгт оролцож байгаа байгууллага нэг бүртэй танилцав.


Нээлттэй хаалганы өдөрлөг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж хэвшсэн уламжлалт арга хэмжээ юм. Энэхүү өдөрлөгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон холбогдох байгууллагууд оролцож иргэдэд үйлчиллээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгээс жин өндөр үзэх, сахар хэмжих, артерийн даралт, цусны бүлэг тодорхойлох, нүд, эхо, доторын үзлэг үйлчилгээг явууллаа.


АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийн хүрээнд сургалт, иргэдийн болон ганцаарчилсан уулзалтыг зохион байгуулж, иргэдэд зөвлөгөө өгч, хууль тогтоомжийг танилцууллаа.


Ийнхүү иргэд төрийн байгууллагын зорилго зорилт, үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, байгууллагуудын ажил үйлчилгээтэй танилцан үйлчлүүллээ.