Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ

 

Агуу эх орын дайны түүхэн ялалтын 69 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Их ялалтын эзэн ОХУ төдийгүй дэлхий нийтээрээ энэ түүхэн ялалтыг болон баатарлаг хөвгүүд охидоо санан дурсцгааж байгаа. Ийм л хүндэтгэн дурсах арга хэмжээний нэг энэ сарын 06-ны өдөр Алтанбулаг суманд боллоо. Алтанбулаг сум дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, Засаг даргын орлогч Н.Батдорж, Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул Д.А.Цыденешиевич, дэд консул С.Н.Чужаев, аймгийн Ахмадын Хорооны дарга Р.Ганхуяг, ХЦ-ийн 0243-р ангийн захирагч хурандаа С.Батсүх, ХЦ-ийн 0101-р ангийн захирагч хурандаа Ц.Мөнгөнжин, Тагнуулын газрын дарга П.Бадамгарав, ЦГ-ын дарга хурандаа Л.Баярсайхан, ОБГ-ын дарга хурандаа Б.Ууганбаяр, Гаалийн газрын дарга н.Баярмагнай, Алтанбулаг сумын Засаг дарга Б.Сундуй, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга н.Цэндсүрэн, ОХУ-ын Хиагтын районы дарга А.В.Буянтуев болон Орос, Монголын чөлөөлөх дайны ахмад дайчид оролцлоо. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:- “Оросын ард түмний байгуулсан энэ их ялалт Монголчууд бидэнд түүний дотор Сэлэнгэчүүд бидний зүрх сэтгэлд үүрд мөнхөрсөн юм.
Оросын баатарлаг ард түмний халуун амь, бүлээн цус, сэтгэл зүрхээрээ хамгаалсан хүн төрөлхтний түгээмэл эрх ашиг энэ ялалтаар баталгаажиж, өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Агуу их ялалтыг авчирахад эхний өдрөөс эцсийн мөч хүртэл Монголчууд Оросын ард түмэнтэй сэтгэл нэг байж хувьсгалт Монгол танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны скадрил болон сэтгэл санаа шингэсэн эд материалыг фронтод илгээж байсан. Өнөөдөр 69 жил улиран өнгөрсөн ч энэ ялалтыг бий болгоход амь насаа зориулсан баатарлаг дайчдаа үл мартан гэгээн дурсгалыг нь та бид хамтдаа хүндэтгэж байна. Эх орон газар шорооныхоо төлөө амь биеэ хайрлахгүй тэмцсэн баатарлаг хөвгүүд охидынхоо гавъяат үйлсийг эх орон, ард түмэн, хойч үеийнхэн чинь үеийн үед санаж, мөнхөд дуурсаж мөнхжүүлэх болно. Олон жилийн түүхтэй Монгол, Оросын ард түмний найрамдал үүрд мандан бадраг” гэлээ. Мөн Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын ерөнхий консул Д.А.Цыденешиевич, Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга н.Цэндсүрэн, ОХУ-ын Хиагтын районы дарга А.В.Буянтуев нар сэтгэлийн үгээ хэллээ. Зочид төлөөлөгчид, ахмад дайчдад зориулж Алтанбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучид ая дууны мэндчилгээ хүргэлээ.