Авлигын эсрэг олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ил тод, ээлтэй, хариуцлагатай үйлчилгээ” сэдэвт авлигын эсрэг олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулан явууллаа. Хэлэлцүүлэгт аймгийн 5 бүс, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн Засаг дарга төрийн үйлчилгээний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаар танилцуулсан.
 
Нийт оролцогчдын дунд:
1.Авлига үүсч буй шалтгаан нөхцөл, өнөөгийн байдлыг та юу гэж бодож байна вэ?
2.Төрийн байгууллагын зүгээс авлигын эсрэг юу хийгээсэй гэж боддог вэ гэсэн асуулт бүхий хуудсаар санал бодлыг нь авч, зарим иргэд саналаа хэлж, асууж тодруулахыг хүссэн зүйлээ асууж хариулт авлаа. Оролцогчдын зүгээс:- Аймгаас олон төрлийн бүтээлч ажил хийх гэж байгааг сумын ард иргэд тэр бүр мэддэггүй, сум, багийн дээд шатны байгууллагынхаа ажлыг сурталчлан таниулах ажил үйлчилгээ муу, Хууль жигд хэрэгждэггүй, өргөдөл гомдлыг шийдүүлэхэд учир дутагдалтай, Соён гэгээрүүлэх ажлыг хаа хаанаа хийх хэрэгтэй болсон, төрийн албан хаагчдын сайн ажилласанд нь баяр хүргэдэг, ажлыг нь үнэлдэг, дүгнэдэг, хариуцлага тооцдог болох, шинээр гарч байгаа хууль тогтоомж, шийдвэрийг телевизээр танилцуулж байх, сумдын ИТХ-ын хуралдааныг илүү нээлттэй болгох,, эмнэлгийн асуудал дээр иргэд маш их гомдолтой байгаад анхаарах, Төрийн бус байгууллагуудыг шинээр хийж байгаа ажилдаа маш сайн дайчилж татан оролцуулах, аймгийн сайтад тендерийн ажлаа хэрхэн хийж гүйцэтгэсэн талаарх тухайн компанийн санхүүгийн мэдээллийг ил тод байршуулах зэрэг олон санал санаачилга гарлаа.
Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас хэлэлцүүлэгт оролцогчдын хэлсэн санал, үйл явцыг харуулсан тусгайлсан нэвтрүүлгийг бэлтгэн сум бүртээ хүргэх юм. Мөн төрийн ажил үйлчилгээ, төрийн албан хаагчийн ажилдаа хандах хандлагыг сайжруулах үүднээс сум, тосгон, байгууллага бүрийн санал асуулгыг иргэдээс авч түүнд хяналт тавьж, иргэдийн санал санаачлагыг ажилдаа тусган ажиллаж байна.