Түшиг сумын “Соёл, эдийн засгийн өдөр”-үүд аймгийн төвд боллоо

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу сум орон нутгийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, сумдын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, тухайн орон нутгийн онцлог давуу тал, брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах зорилготой "Сумдын Соёл-эдийн засгийн өдөрлөг"-ийг 2014 оны 06 сараас эхлэн аймгийн төв Сүхбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ онд нийт 6 сумын өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвснөөс Баруунбүрэн, Зүүнбүрэн, Шаамар сумд “Соёл, эдийн засгийн өдөр” арга хэмжээгээ амжилттай зохион байгуулсан.
 
Ялгуунбаатар бэйс дэд жанжин Л.Сумъяагаар ахлуулсан 64 партизан 1921 онд ардын хувьсгалын үйл хэрэгт нутаг хошуугаараа оролцож байсан баатарлаг түүхтэй нутаг бол Сэлэнгэ аймгийн Түшиг сум. Атрын талбайгаас мэндэлсэн Хөдөлмөрийн баатар Н.Санжаагийн анхны шангаа татсан газар. Энэхүү үзэсгэлэнт сайхан нутгийнхан аймгийн төв Сүхбаатарчууддаа сум орон нутгаа сурталчлан таниуллаа. Түшиг сумын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, ард иргэд оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”...Өнөөдөр сум орон нутгийнхаа бахархал болсон хийж бүтээсэн бүхнээ аймаг орон нутагтаа төдийгүй улс орон даяар сурталчлахаар хүрэлцэн ирсэн Түшигчүүддээ нийт Сэлэнгэчүүдийнхээ нэрийн өмнөөс энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан...” гэсэн юм. Нээлтийн арга хэмжээний үеэр Түшиг сумын удирдлагын багаас Зэлтэр САА, Түшиг сумын ууган дарга нарын нэг Д.Бадарч гуайд хүндэтгэл үзүүллээ.
 
Түшиг сум хойд талаараа ОХУ-ын Джида район, баруун талаараа Булган аймгийн Сэлэнгэ сум, урд талаараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумтай хиллэдэг. Хангай нурууны салбар Бүтээлийн нурууны ойт хээрийн бүсэд оршдог. Сумын нутаг дэвсгэр нь ой модоор хүрээлэгдсэн МАА болон газар тариалан голлон эрхэлдэг. Нийт 249282 га нутаг дэвсгэртэй. Чулуун нүүрс, алт, анар зэрэг ашигт малтмалын нөөцтэй. Түшиг өндөр, Жаргалмандах, Хавтгай овоо, Номт өндөр, Самданшовх, Жинст зэрэг уулс, Өгөөмөр, Хулдаа, Гурамсан, Баруунхужир, Хэрэгчин, Рашаант, Цагаанарал зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай. Нэрс, хад, мойл, үхрийн нүд, гүзээлзгэнэ, долоогоно, аньс, нохойн хошуу зэрэг жимс болон самар, мөөг элбэгтэй. Зэлтэр голд зэвэг, хадрана загас, булга, заарт харх бий. “Улаан ном”-д орсон нэн ховор хун, хар тогоруу, тоодог, шонхор зэрэг төрөл бүрийн шувуудтайгаас гадна баавгай, буга, хандгай, хүдэр, гахай, чоно, тарвага, дорго зэрэг ан амьтадтай байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм.
 
Түшигийн бүтээлч ард иргэдийн үйлдвэрлэн гаргасан цагаан идээ, даршилсан ногоо, хүнсний ногоо, оёдол хамгамал, мод модон эдлэл, гутал, дээл, талх, зөгийн бал, цай зэрэг бүтээгдэхүүн нэг бүртэй аймгийн Засаг дарга тэргүүтэй удирдлагууд танилцаж багагүй худалдан авалтыг хийлээ. Тус сумын үзэсгэлэн худалдаан дээр байгалиас нь түүсэн эмийн ургамалууд, мөөгний дармал, самар, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй байлаа. Тур тусмаа сөд, зүрх өвс гэх мэт эмийн ургамал маш хурдан хугацаанд борлуулагдаж дууссан. Эдгээр бүтээгдэхүүн зах зээлийн үнээс харьцангуй татуу үнэлэгээтэй байсан нь иргэдийн худалдан авалтанд ихээхэн нөлөөлж байлаа. Мөн тус сумын иргэн Оюунсүрэнгийн тарьж ургуулсан 15 кг жинтэй аварга байцаа хүн бүрийн анхаарлын төвд байлаа.
 
 
Түшиг сум 3 хилийн заставтайгаараа бусад сумдаас онцлогтой. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн 100 жилийн ойд зориулсан гэр музей гарлаа. Сумын ардын авъяастнуудын урлагийн тоглолт Сэлэнгийн долгио чуулгад, үдшийн цэнгүүн Партизаны талбайд боллоо. Сумын соёлын төвийнхөн хичнээн их авъяастайг эндээс тодхон харж болохоор байлаа. Дуулж, бүжиглэж, хүмүүсийг хөгжөөж, хөтөлж чаддаг авъяас соёлын төвийн цөөхөн хүнд байгааг үдшийн цэнгүүнийг үзэж, хамт хөгжсөн олон түмэн мэдэрч чадсан. Ийнхүү
 
Аугаа түүхийн алтан хоймор
 
Ардын хувьсгалын өлгий болсон Түшиг сайхан нутгийнхан өөрийн сум орон нутгаа, алдартнуудаа, үүх түүхээ, өнөөдрийн албан байгууллагууд, ард иргэдийнхээ бүтээлч хөдөлмөрийг өргөн дэлгэр сурталчлан таниуллаа.