Эрдэм шинжилгээний бага хуралд оролцлоо

 

Герман улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр болон ХБНГУ-ын Төрийн захиргаа судалгааны институтийн дэмжлэгтэйгээр Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 16-ны өдөр Арвайхээр хотноо зохион байгуулсан юм. Тус бага хуралд Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын ЗДТГ-ын дарга болон холбогдох төрийн албан хаагчид оролцсон.
 
Эрдэм шинжилгээний бага хуралд ХБНГУ-ын Шпайерын Төрийн захиргаа судлалын институтын захирал, Европын Комисс, Европын холбооны Парламентын зөвлөх доктор Ян Цыков “Том төрөөс ухаалаг төр рүү” шаардлагатай чадавхийг хөгжүүлэх нь, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн “Орон нутгийн төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах нь”, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институтын захирал доктор Н.Бурмаа “Төрийн хяналт”, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа “Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2008 олон улсын стандартыг нэвтрүүлж буй үйл явц”, Увс аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ “Том төрөөс ухаалаг төрийн бодлого Увс аймагт”, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга О.Тойвгоо “Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулагджээ.
 
 
Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь төрийн албан хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл олгосон, орон нутгийн хэмжээнд “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар харилцан туршлага судлах, санал солилцох, төрийн албан хаагчдын боловсролд хувь нэмэр оруулсан өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөсөн байна.