3234 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ

 

Орон даяар зарласан “Нээлттэй хаалганы өдөр”-өөр аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газраас “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээг аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгууллаа.
 
Дээрх арга хэмжээг өмнө нь хавар, намарт аймгийн хэмжээнд зохион байгуулдаг байсан бол энэ жил сумдаас гаргасан иргэдийнхээ саналыг харгалзаж үзээд 2014 оны 6-р сард 16 сум, 6 тосгонд зохион байгуулсан. Манай аймгийн хүн амын 76 орчим хувь Сүхбаатар сумаас бусад 16 суманд амьдарч байгаа гэсэн тооцоо бий. Сүхбаатар суманд зохион байгуулагдсан “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат Сүхбаатар сумын 8 багийн ард иргэдтэй уулзаж, санал бодлыг нь солилцож харилцан ярилцлаа. Ард иргэдийн зүгээс аймгийн Засаг дарга түүний удирдлагын багийн хийж хэрэгжүүлж байгаа ажил үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төрийн албаны хөнгөн шуурхай байдал, төрийн байгууллагын ажилчдын харилцааны соёл, түлээ нүүрсний асуудалд анхаарах хэрэгтэй ч мөн илэрхийллээ.
 
Энэ өдөр 33 байгууллагын 100 гаруй төрийн албан хаагчид давхардсан тоогоор 3234 иргэнд төрийн үйлчилгээ үзүүллээ.