“Ухаалаг төрийн бодлого Сэлэнгэ аймагт” сэдэвт зөвлөлдөх уулзалт

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачилга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг, сумдын хэмжээнд ухаалаг засаглал, иргэн төвтэй төрийн үйлчилгээний зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Ухаалаг төрийн бодлого Сэлэнгэ аймагт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Зөвлөлдөх уулзалтаар сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Том төрөөс Ухаалаг төр лүү” бодлогыг сум орон нутагтаа хэрхэн хэрэгжүүлж буй болон Засгийн газрын 2014 оны “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.
 
Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат:-“Өнөөдөр бид бүх сумдынхаа ЗДТГ-ын дарга нарыг цуглуулж ухаалаг төрлүү яаж орж байгаагаа харилцан ярилцлаа. Бид эхлээд иргэдийн оролцоог маш сайн нэмэгдүүлье. Дараа нь эдийн засгийн чадавхиа өөрсдөө нэмэгдүүлж байгаа иргэдээ дэмжиж, аймгийнхаа эдийн засгийн бүтцийг олон салаа тулгууртай болгоё. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэн төвтэй болгоё гэсэн үндсэн зорилтыг тавьсан байгаа. Энэ бодлогын хүрээнд 17 сум ямар арга хэмжээ авч байна гэдгийгээ ярилцаж, бие биенээсээ туршлага судаллаа. Эндээс нэгдсэн зөвлөмж өгч байна. Цаашдаа ч бид явуулж байгаа бүх үйл ажиллагаагаа нээлттэй ил тод байлгах болно. Иргэд өөрсдөө өөрсдийнхөө чадавхийг сайжруулдаг, орон гэрээ аваад явдаг, өөртөө таарсан үйлдвэрлэлтэй, ажлын байр нь тогтвортой ийм ард иргэдтэй л байх юм бол төрийн өөрийнх нь үндсэн зорилго биелнэ. Энэ чиглэлд ЗДТГ-ын хоорондын уялдааг хангах олон асуудлыг хэлэлцлээ. Иргэдтэй ойртсон үйл ажиллагааг манай Баянгол сум их сайн зохион байгуулж байна. Иргэдээс маш олон чиглэлээр санал бодлыг нь сонсож байна. Орхон сум чадан ядан зүтгэж байгаа хүмүүсээ дэмжих, ажлын байран дээр нь сургах, ажиллах орчинг нь сайжруулах чиглэлээр сайн ажиллаж байна. Манайх бүх төрийн албан хаагчдаа иргэдээр үнэлүүлдэг ажлыг хоёр дахь жилдээ явуулж байна. Иргэд төрийн үйл ажиллагааг яаж дүгнэж байна. Юун дээр нь сэтгэл ханамжгүй хандаж байна. Үүн дээр л ажлаа сайжруул гэж хэлж байгаа” гэлээ.
 
 
           Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа:-“Монгол Улсын Ерөнхийлөгчийн зохион байгуулсан “Том төрөс ухаалаг төрлүү” үндэсний зөвлөлдөх уулзалтаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт юу хийв? Тэр тусмаа хөдөө орон нутагт, анхан шатны сумдад юу хийв, ямар ололт амжилт гарав, үр дүн нь юу байв, иргэн рүү чиглэсэн ажил арга хэмжээ нь юу байв гэдэг тал руу анхаарлаа хандуулж энэ асуудлаар зөвлөлдөж ярилцлаа. Манай сумдууд нэгэндээ туршлага болохуйц олон ажил арга хэмжээг зохион байгуулсан байна. Баянгол, Орхон, Мандал зэрэг жишээ авахаар сумдууд байна. Эдгээр сумд иргэддээ хүрсэн үйлчилгээг үзүүлж чадаж байгаа учраас иргэд нь сэтгэл ханамжтай байна. Ялангуяа алслагдсан баг руу, иргэд рүү хүрэх мэдээ мэдээллийг янз бүрийн арга сувгийг ашиглан хүргэж, өмнөхөөсөө илүү дэвшилт гаргаж чадсан байна. Аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас иргэдрүүгээ, сумдруу хандсан маш олон жил, арга хэмжээг зохион байгуулсан. Иргэдээ дээдэлсэн, тэдний эрх ашгийг хамгаалсан чиглэлрүү бодлого шийдвэрээ гаргаж байгаа. Мөн иргэдийнх дуу хоолойг сонсдог, түүнийгээ бодлого шийдвэртээ тусгадаг, бодит арга хэмжээг зохион байгуулж байна. Бизнесийн үйл ажиллагаа, жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл дээр бодлогын дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Сумд маань тус тусдаа ажлаа хийгээд өнөөдрийг хүрсэн. Жилийн дараа Ерөнхийлөгчийн санаачилсан ажлын бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажил манай аймагт боломжийн түвшинд хэрэгжиж байна гэж удирдлагын зүгээс үзэж байна. Учир нь сумд маань өөр өөрсдийнөхөө онцлогийг харгалзаж ажил арга хэмжээгээ зохион байгуулсан байна. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын бас нэг гол үр дүн бол бусдаасаа санаа авч, ажил хэрэг болгох явдал байлаа” гэлээ.