Орон нутгийн төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг сайжруулах асуудлаар зөвлөлдлөө 2014 оны 12-р сарын 04, Пүрэв гариг, 16:31

 

Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалт, түүнд тавих хяналтыг сайжруулах, орон нутгийн төсөв санхүүгийн бодлого, төлөвлөлт, цаашид анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголт өгөх, харилцан мэдээлэл солилцох зорилготой “Орон нутгийн төсөв, санхүүгийн өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд” сэдэвт зөвлөгөөнийг Аймгийн Засаг даргын Тамгын газраас, аймгийн Аудитын газартай хамтран зохион байгуулллаа.
 
Зөвлөгөөнд бүх сумдын Засаг дарга, ерөнхий нягтлан бодогч, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн захирал, эрхлэгч нарын 230 гаруй төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний үеэр “Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төсвийн өнөөгийн байдал” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сарантуяа, “Гүйцэтгэлийн аудитаар илэрсэн зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлууд” илтгэлийг аймгийн Ерөнхий аудитор Ч.Энхтуяа, “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын явц байдал, цаашид анхаарах асуудлууд” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Ч.Дэмбэрэлсайхан, “Мэргэжлийн хяналтын санхүүгийн хяналт, шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлууд” илтгэлийг МХГ-ын улсын ахлах байцаагч Б.Дархижав, “Дотоод аудитын шалгалтын үр дүн, цаашид анхаарах асуудлууд” илтгэлийг аймгийн ЗДТГ-ын дотоод аудитор И.Энхбат нар хийж, асуулт хариулт явагдлаа. Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг дарга С.Бүрэнбат орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт дээр сумдад зөрчил гарч байгаа тул үүнийг цаашид гаргахгүй байх, төсвийн хэмнэсэн горимд шилжиж буй энэ цаг үед маш зөв зарцуулалт хийж ажиллахыг сумдын засаг дарга, нягтлан бодогч нарт анхааруулж, үүрэг чиглэл өглөө. Энэ удаагийн зөвлөгөөн нь алдаа дутагдалдаа дүгнэлт хийсэн, цаашид хэрхэн ажиллахаа ярилцаж тохиролцсон үр дүнтэй зөвлөгөөн боллоо гэж оролцогчид дүгнэж байв.