Цахим хуралд оролцож санал тавилаа

 

Өнөөдөр 11.00 цагт болсон Орон нутгийн удирдлагуудтай цас, зудын байдлын талаарх шуурхай “Цахим хурал”-д аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон аймгийн хэлтэс, албадын дарга нар оролцлоо.
 
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нартай аймгийн удирдлагууд холбогдож цаг үеийн асуудлаарх мэдээллээ өгсөн юм. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 гаруй сум зудын нөхцөл байдалтай байна гэж орон нутгийн удирдлагуудтай хийж буй “Цахим хурал”-ын үеэр мэдээлж байлаа. Түүнчлэн нийт нутгийн 90 орчим хувьд 15-40 сантиметр хүртэл цасан бүрхүүл тогтсон, зарим аймгийн сумдад зам даваа хаагдсан, малын хорогдол гарч эхэлсэн талаар мэдээлж байлаа. Сэлэнгэ аймгийн хувьд одоогоор зудын байдалд орсон сум үгүй боловч Орхонтуул, Баруунбүрэн, Сант сумдад цас их орсноос хүндэрч болзошгүй байдалд байгааг аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж танилцуулсан. Тэрээр цас их орж, байдал цаашид хүндрэх төлөвтэй байгааг анхааран үзэж, огт түргэн тусламжийн машин байхгүй байгаа Орхон суманд түргэний машины асуудлыг шийдэж өгөхийг санал болголоо. Тус сумын Эрүүл мэндийн төв нь өнөөдрийг хүртэл түргэн тусламжийн машингүй байгаа бөгөөд сумын Засаг даргын машинаар түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж байгаа юм.