Жил бүр зохион байгуулагддаг "СЭЛЭНГЭД ҮЙЛДВЭРЛЭВ" үзэсгэлэн худалдаа өнөөдөр шинэ худалдааны төвд эхэллээ. Уг арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны баялаг бүтээгч үйлдвэрлэгчид нутгийн бренд болсон 160 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээрээ оролцож байна. Аймгийн Засаг дарга тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: “Энэ жилийг бид иргэдийнхээ хөгжлийг хангах, үйлдвэрлэгчдээ дэмжих жил болгон зарласан байгаа. Сүүлийн жилүүдэд тасралтгүй явагдаж байгаа “Сэлэнгэд үйлдвэрлэв” арга хэмжээгээр дамжуулаад зах зээлд гарч байгаа үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг дэмжих, хамгийн гол нь ажлын байрыг тогтвортой байлгах, үйлдвэрлэгчид маань тогтмол орлоготой болох, нөгөө талаас үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээрээ зах зээлд танигдах, брэнд болгох олон чиглэлийн ач холбогдолтой юм. Сар шинийн баярыг угтан амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээнд та бүхэн хүрэлцэн ирж, Сэлэнгэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө худалдан авч, бүтээгчдээ дэмжихийг хүсэж байна, үйлдвэрлэгчдээ дэмжээрэй. Удахгүй болох сар шинийнхээ бүтээгдэхүүнийг Сэлэнгээс ирж аваарай. Сэлэнгэд үйлдвэрлэсэн Алтан тариа, Улаанбаатар гурил, “Оргих” ургамлын тос, амтат талх, сар шинийн бхярт зориулсан төрөл бүрийн хэвийн боовоо худалдаж аваарай” хэмээн хүссэн. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, сар шинийн тавгын боов, сүү, ааруул, айраг, чихэр, модон эдлэл, суран эдлэл, хүнсний ногоо, үндэсний дээл хувцас, эд эдлэлүүдээс гадна орос улсад үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн чихэр, амттан хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгэн тавьсан байлаа. Тухайлбал Баруунбүрэн сумаас гар аргаар үйлдвэрлэсэн цэвэр монгол арвайн гурил ирсэн байв. Энэ нь өөрөө тарьж ургуулаад, гурилаа гар аргаар монгол технологиор буталж нунтаглаад бэлэн болгосон гэв. Монгол арвайн гурил нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих, өлсөхгүй, таргалуулахгүй, гэдсэн дэх бохирыг хөөж өгдөг, гэдэс цэвэрлэдэг ач холбогдолтой аж. Мөн Сүхбаатар сумын 3-р багийн “Гүн билэгт” цехийн үйлдвэрлэж байгаа 12 нэр төрлийн нарийн боов, сар шинийн баярт зориулсан самартай, шар тостой, цөцгийнд багсарч зуурсан, тахилын зэрэг 5 төрлийн боов зарагдаж байна. Эднийх шар тостойг нь 2000, цөцгийтэй нь 1800, самар, тахилын боов бүгд 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Харьцангуй хямд, амттай, чанартай, найдвартай бүтээгдэхүүнийг манайхан өөрсдөө үйлдвэрлэж байна. Мөн Гүн билэгтийнхэн идээний дор тавьдаг боорцогноос гадна махтай ганбургер хийсэн байна.
Үзэсгэлэн худалдаа маргааш үргэлжлэн явагдана.