“Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа Архангай аймагт
Энэ сарын 18-19-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо зохион байгуулагдсан “Архангайн түншлэл-2015” үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгчид урилгаар оролцлоо.
 
Арын сайхан хангай нутгийн урилгыг гардан авсан ХХААГ-ын дарга Х.Даваахүү тэргүүтэй Сэлэнгийн баялаг бүтээгчид энэ сарын 17-ны өглөө Архангайн зүг хөлгийн жолоо заллаа. Энэ удаа манай аймгийн Сүхбаатар, Сайхан, Түшиг, Баруунбүрэн, Сант, Мандал, Ерөө, Шаамар, Жавхлант сумдын баялаг бүтээгчид өөрсдийн гараар хийж бүтээсэн 30 гаруй нэр төрлийн 400 гаруй бүтээгдэхүүн болох малын олон найрлагат тэжээл, монголдоо ганц байдаг цэвэр спирт, түүний дагалдах бүтээгдэхүүн, шинэ ногооны дээж болох төрөл бүрийн нарийн ногоо, төмс, хүнсний ногоо, мөн говийн бүтээгдэхүүнтэй тэнцэхүйц олон шагнал хүртсэн сүлжмэл эдлэл, эмийн ургамал, талх, зөгийн бал, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, эсгий, ноосон бүтээгдэхүүн, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэн тавьж, Архангайчууддаа өргөн үйлчилгээ үзүүлсэн.
 
“Архангайн түншлэл-2015” үзэсгэлэн худалдаа арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны ёслолын туузыг Архангай аймгийн ИТХ-ын дарга Ж.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүү, Архангай аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Оюунчимэг, Хөдөлмөрийн хэлтсийн дарга н.Батдорж, тус аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн хэлтсийн дарга н.Нямдаваа, Эрдэнэбулган сумын дарга н.Оюунчимэг нар хайчиллаа. Нээлтийн арг хэмжээний үеэр Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат:””Архангайн түншлэл 2015” арга хэмжээ маань энэ удаа 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас энэ жил Архангай аймагт үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар нэг тэрбум төгрөгийн хувиарлалт өгсөн. Бид аймгийн ИТХ-аараа 35 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр баталсан. Одоогоор 13 төслийн 385 сая төгрөгийн төсөл арга хэмжээ хэрэгжсэн байна. Энэ жил гэхэд манай аймагт 37 ажлын байр бий болж, сум хөгжүүлэх сангаас 45 ажлын байр хөнгөлөлттэй зээлэнд хамрагдсан байна” хэмээн хэллээ. Мөн түншлэл арга хэмжээний зочин Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Х.Даваахүү:”Юуны өмнө энд хуран цугларсан эрхэм хүндэт Архангайчууд та бүхэндээ газар тариалангийн өлгий нутаг Сэлэнгэ түмний болон аймгийн удирдлагуудын мэндчилгээг хүргэн мэндчилж байна.
 
 
Сэлэнгэ аймаг жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүн амыг эрүүл хүнсээр хангахад олон ажил арга хэмжээ хэрэгжүүлж байгаагийн дотор энэ засаглалын үед буюу 2012 оноос хойш үндсэндээ 10 гаруй тэрбум төгрөгийн ажил бүтээгдэхүүн эрхэлж, түүний дотор монгол улсдаа анх удаа ургамлын тосны үйлдвэрийг байгуулж, шатахуун дизель түлш гаргаж эхлээд байна. Түүнчлэн гурилын дөрөв дэх томоохон үйлдвэрээ нээсэн амжилттай ажиллаж байна. Сэлэнгэ аймаг бол талх тарианы, төмс хүнсний ногооны 50 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Мөн улсын хэмжээний цементийн 90 хувь, шохойны 100 хувь, барилгын материалын 20 гаруй хувь, гурилын 50 хувь, тэжээлийн 50 хувь, цэвэр эрлийз малын 50 гаруй хувийг үйлдвэрлэдэг томоохон аймаг. Ингээд “Архангайн түншлэл-2015” арга хэмжээндээ Сэлэнгэчүүдийг урьж оролцуулсан явдалд Архангай аймгийн удирдлагуудад Сэлэнгэчүүдийнхээ өмнөөс дахин талархал илэрхийлье. Бид та бүхэндээ Сэлэнгэд үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүн, Сэлэнгийн шинэ ургацын хүнсний ногоо, Монголдоо ганц байдаг Зүүнхараа хотын “Спирт Бал бурам” компанийн бүтээгдэхүүн цэвэр спирт, монголдоо ганцхан байдаг олон найрлагат малын тэжээл, ургамлын тос зэрэг 9 сумын 30 гаруй нэр төрлийн “Сэлэнгэд үйлдвэрлэсэн” бүтээгдэхүүнээрээ үйлчилхээр ирлээ. Ингээд Архангайчууд та бүхэн өргөнөөр үйлчлүүлэхийг хүсье. Энд оролцож байгаа нийт үйлчлүүлэгчид, борлуулагчдад ажлын амжилт, эдийн засгийн үр ашгийг хүсэн ерөөе” хэмээлээ.
 
 
“Архангайн түншлэл-2015” арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн 9 сумын 30 гаруй үйлдвэрлэгчид оролцож, нийт 15 сая төгрөгийн борлуулалт хийсний дотор Мандал сумын “Хараа-Ундарга” ХХК хамгийн их борлуулалт хийсэн номинацид шалгарсан. Тус арга хэмжээнд Мандал, Баянгол, Сүхбаатар, Сант сумдууд бусдаасаа илүү сайн зохион байгуулалттай, бүтээгдэхүүний нэр төрөл олонтой, худалдан авагч иргэдэд сэтгэл ханамж өгсөн бүтээгдэхүүнээрээ оролцсонд талархал илэрхийлье.
 
Энэхүү “Архангайн түншлэл-2015” арга хэмжээнд газар тариалангийн өлгий нутаг, монгол орны хүнсний аюулгүй байдлыг хангадаг Сэлэнгэ аймгийн үйлдвэрлэгчид оролцож буйгаараа онцлогтой байлаа.