Түүхийн хуудас
Эрт галавын үеэс үржил шимтэй Орхон Сэлэнгийн савд хүн төрөлхтний амьдралын анхдагч гал голомтууд үүсч бий болсон үеэс эхтэй юм.
 
Тус аймгийн Шаамар сумын нутгаас 1974 онд олдсон нэн эртний хүний яс нь төв азид хүний амьдрал эхэлсэн он жилүүдийг ихээхэн урагшлуулж, Монгол улс түүний дотор Сэлэнгэ нутагт хүний амьдрал наад зах нь 400-500 мянган жилийн өмнөөс эхэлжээ гэсэн дүгнэлтэд олон улсын хүн судлаач түүхчдийг хүргэсэн.
Түүнчлэн манай эрний өмнөх 1-р зууны үеээс хүчирхэгжин төв Азид ноёрхож байсан Хүннү гүрний гол төвлөрөл, хожим 10-р зууны үеэс хүчирхэгжин мандаж байсан "Гурван мэргэд" аймаг ч энэ нутагт байжээ. Түүнээс хойш 14-18-р зууны үеэс Хиагт, Хүдэр, Зэлтэрээр олон улсын худалдаа явагдаж Монголд дэлхийн капитал нэвтрэн ороход Сэлэнгэ нутаг үүд хаалга нь болж 19-20-р зууны үеэс олон улсын эдийн засаг, улс төрийн харилцааны гол зангилаа болсноороо Сэлэнгэчүүд бусдаас түрүүнд дэлхийн зах зээлд татагдан орсон юм.
"Сэлэнгэ" гэдэг үг анх "Монголын нууц товчоо"-нд тэмдэглэгдсэн байдаг.Уг гарал нь Төмөртэй гэсэн утгатай эртний монгол үг бөгөөд Сэлэнгэ гэдэг нь орчин үеийн хэллэг болох тухай зарим судлаачид тэмдэглэсэн байдаг юм. Сэлэнгэ аймгийн нутаг нь Их монгол улсын үед Баруун хойд хязгаар байгаад Их Монгол улсын задралын үед Гэрсэн Жалайр хун тайжийн нутагт харьяаллагдах болжээ. Богд хаант Монгол улсын үед Түшээт хан аймгийн Эрдэнэван, Баатарван, Ахай гүний хошуунуудаас бүрддэг байсан ба хожим Эрдэнэвангийн хошуунаас нутаг тусгаарлаж Сумъяа Бээсийн хошуу шинээр байгуулагдсан байна.
Сэлэнгэ нутагт төмөрийн үйлдвэрлэл, цэргийн зэвсгийн үйлдвэрлэл, газар тариаланг хүн төрлөхтөн эрт дээр үеэс эрхэлж байсан улбаа бий.
Тус аймаг нь эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаадын унаган нутаг.             1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт  Сэлэнгэ аймагт болж, Шивээ хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, ардын журамт цэргийн байрлаж, бүтэц зохион байгуулалтаа шийдвэрлэж байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг газрууд түүх соёлын дурсгалт газар болон үлджээ.